Ширэнгэн ойн аялал буюу Алтантуяагаа өмөөрсөн Монгол

Амай “Монгол Бадарчин” номонд өгүүлсэнчлэн аялалд гарахдаа ачаа болохоор хэрэгтэй хэрэггүй зүйл авч явахаас татгалзсан ч үүргэвч минь яаж ийж байгаад л дүүрчихлээ. Куала Лампураас 130 километр зайд орших Темерло гэх газарт 9 км зайг явган туулах аялалд оролцох завшаан олдсон юм. Надад энэ удаагийн аялалын нээлт болоод хаалт, хэн хэний баг оролцох нь огтхон ч сонин биш харин тэр ширэнгэн ойгоор явах нь туйлын сонирхолтой байсан тул урьд шөнө нойр хүрсэнгүй. Нойр муутай хүн яахав дээ, автобусанд ороод л унтчихлаа.

Борооны улирлал эхэлсэн тул үүлэрхэг байлаа. “We run together, drunk together” гэж хүмүүсийн цамцны ард бичсэн байсныг гарааны газар ирээд өрөөстэй олон шар айрагийг харахдаа л сая ойлголоо. За тэгвэл нэлээн халаалттай хүмүүс ширэнгэн ойгоор явах нь дээ…

Гараанаас гарахдаа хүмүүс бие биесээ “бушуу яв” гэсэн шиг түлхэн, зарим нэг овсгоотой нь өөр зам сонгон бие биенийхээ урд гарцгаана. Заасан замаар явалгүй төөрвөл барын хоол болж мэдэх учир бидний хэдэн нөхөд бие биенээ бараадна. Уулнаас хэсэг уруудаж яваад өтгөн шигүү модон дунд орж ирлээ. Газар чийгтэй, зарим хэсэгтээ шавхайтай учир гутал ч авах юмгүй болж эхэллээ. Уул өөд өгсөж эхлэхэд зарим эгц өндөр хэсэгт нь эвгүйхэн гишгэвэл хальтарч мэдэхээр. Энэ үед нөгөө муу үүргэвчээ ад үзэж эхэллээ. Гэвч яаж ч бодсон гялгар уутанд хийсэн хуурай хувцас, хоёр савтай ус хэрэгтэйгээс хойш гүрийгээд л байхаас. Уулын мод зарим хэсэгтээ сийрэг зарим хэсэгтээ алхахын аргагүй шигүү. Эргэн тойрноо тухтайхан харсан шигээ явмаар ч хамт яваа нөхдөөсөө холдчих болохоор салхинд туугдсан юм шиг л зөвхөн урагшаа л яарцгаана. Энд тэнд тас няс хийх чимээ гарч, хэн нэгний хальтарч унаж байгаа нь сонсогдоно. 9 км замыг энэ янзаараа хичнээн удаан туулахыг (шигүү модтой газар дэндүү удаан алхаад байгаа мэт санагдаад байлаа) мэдэхгүй ч нэлээд ядарсныг бодвол бараг тал замаа туулчихсан ч юм шиг. Манай багийн зургаан хүн бие биенээсээ тасарч эхэллээ.

Бусдын араас чимээгүй даган явж байсан надаас Малайзын Хятад хоёр хүн ингэж асуулаа.“Хаанаас ирсэн?  Аль багийнх вэ?”  Эхний асуултанд нь хариултал нөгөө хоёр хүн бие биенрүүгээ харснаа “Чи Алтантуяаг мэдэх үү?” гэв. Яг энэ асуултанд би өглөө автобусанд, өдөр хоолны үеэр бас хариулсан учир дахиад давтахыг хүссэнгүй. Тэр хоёр намайг Хятад хэл ойлгодоггүй гэж санасан бололтой. Араас хэлсэн хэдэн үг нь яс хавталзуулах шиг болж, бушуухан тэднийг хол орхиж явахын түүс болсон би нөгөө гутал хальтрах энэ тэрийг тоосонгүй урагшаа ухаангүй зүтгэлээ.

Би хаана ч Монголынхоо тухай ярихдаа ам бардам байдаг. Аль юм болгон чадахгүй мэдэхгүй, залхуу, бүдүүлэг гэж өөрсдийгөө голж явахав дээ. Өвгөд дээдсийн минь үлдээсэн уудам сайхан тал нутаг, хүн зоныхоо уужуу сайхан сэтгэлийг хаана нь бахдан ярих дуртай. Нэг Монгол хүн алдаа л биз, өчнөөн олон хүн хаа сайгүй алдаж л байдаг шүү дээ гэж бодохын үед болгоомжгүй гишгэсэнээсээ болж уулын уруу шаварлуу хавьтраад орчихлоо. Өмд халтартаж, гар жаахан шалбарсныг эс тооцвол би харин ч олон хүний урд орчих шиг боллоо.  Ашгүй шигүү ойгоос гарахад би нөгөө хүмүүсийн барааг ч харахааргүй болжээ.

Нэгэн сайхан Монгол ээж хүний нутагт эндэж, нэгэн сайхан гэр бүл охиноо алдсан нь ширгэн ойд алхаж буй хүмүүсийн ярианы сэдэв болсонд би буруутай ч юм шиг. Амийг нь бүрэлгэсэн хоёр эрэгтэйг нотлох баримт байхгүй хэмээн суллаж, нэгнийнх нь сүйт хүүхэн баярлаж байгаагаа нууж чадалгүй ярилцлага өгч байхыг зурагтаар харсан. Гээд яалтай билээ, өөрийгөө Япон гэх үү? Солонгос гэх үү? Үгүй ээ би Монгол. Монголыг минь хөөрхий нэгэн эмэгтэйн золгүй явдлаар төсөөлөн дүгнэдэг тэдэнд би Монголыг арай өөрөөр харуулах юмсан гэж бодно. Бид хөгжлөөрөө эдний ард жагсдаг ч түүхэндээ Олимпийн аваргатай байж үзээгүй Малайз улсын дэргэд бид ярих зүйлтэй. Дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны минь тухай мэдэх биз энэ хүмүүс. Гэвч яагаад жирийн нэгэн таксины жолооч хүртэл тэр эмэгтэйн тухай асуудаг юм бэ? Англи хүн гэсэн бол хүйтэн инээмсэглэлийн тухай биш хөл бөмбөгийн алдарт багуудын тухай ярилцах байсан байх. Солонгос хүн гэсэн бол KPOP, савангийн дуурийн тухай асуух байх. Мексик хүн гэсэн бол хар тамхины наймааны талаар бус сайхан хүүхэн, амтат хоолыг нь ярих байсан байх.  

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэж үнэн юм даа. Гэсэн ч хэн нь зөв хэнийх нь бурууг сайн мэдэхгүй ч өөрийн л юм хойно Монголоо л өмөөрнө.

Бидэнд "Монгол хүн" гээд харуулах зүйл одоо эдэнд байхгүй гэж үү? Байж л таарна. Хаа байсан тив дамжаад яваад ирсэн ясаа олоод ирдэг хэр нь ганц иргэнийнхээ хойноос бид юу хийж чадлаа. Хөөрхий муу эцэг нь л хөл хүрэх газраа хүртэл яваад барахгүй байдаг. Энэ удаад чадаагүй юм бол дараагийн удаад залуус минь хүний нутагт биеэ бодож, зорьсон үйлээ зоригтой бүтээж эх орныхоо нэрийг гаргах л үлдэж. Төр засаг ч энэ тал дээр анхааран үзэж олон төрлийн соёлын арга хэмжээ, эх орноо сайн талаар сурталчилах арга хэмжээ олныг зохиогоосой. 

Ингэж бодсоор явтал багийн маань хоёр эмэгтэй намайг гүйцэж ирлээ. Өгсүүр газар, гол ус таарсан үед бие биенээ түшиж явах нь зайлшгүй хэрэгтэй учир нөгөө хоёроо шамдуулан тэдний (нөгөө хоёр хүний) багийнхны урд гарах нь миний зорилго боллоо. Уулнаас бууж эхлэхэд гишгэхэд ч хэцүү боллоо. Яг л мөсөн дээр явж байгаа мэт шавхайнд хальтарч, хаа тааралдсан модноос зуурахдаа өргөсөнд бас гараа хатгана.

Тэнгэр дуугарч эхэллээ. Уулнаас арайхийн буусан биднийг төмөр зам даган алхаж эхлэхэд халуун орны ширүүн бороо хайр найргүй асгаж эхэллээ. Ёстой нөгөө хувингаар цутгана гэдэг л болж байлаа. Ой дотор бол ингэж айхтар норохгүй байсан биз. Гэсэн ч сонголт үгүй учир сүүлийн 30 минутыг бороонд норон туулахаас өөр аргагүй. Нөгөө хувцасны шавар шавхайг ширүүн бороо харин сайхан угаагаад өгчихөв. Чулуу багатай газар нь гүйж явсаар барианд орлоо.

Хуурай хувцсаа өмсөөд шар айраг шимэн зогсоход нөгөө хоёр хүн машины тэвшин дээр суугаад барианы газар ирлээ. Надруу харж эрхий хуруугаа гозойлгоход нь би хариу болгон инээмсэглэснээс өөр зүйл хэлсэнгүй. 

Бэлтгэсэн Н.Энхсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025