
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, МҮЧЗХ-ны шагналт, “Мөнгөн цом”, хайрын шүлгийн “Цагаан уул”, “Ижий говь”, “Эх орны дуулал” буюу “Тусгаар тогтнолын цом” зэрэг арав хол давах яруу найргийн наадмын цомын эзэн гээд гуншин нь үл гүйцэгдэх энэ эр гуравдугаар сарын 26-ний одод түгсэн тэнгэр дор Монгол бөхийн өргөөнөө омогшин бадарлаа. “Үг бол өөрөө амьтай юм. Хүн дуулахыг л сонслоо гэхээс үг дууллаа гэвэл гайхна. Тэгвэл энэ тоглолтонд би үгийг дуулуулна чиг, уйлуулна чиг” хэмээн омог бардам хэлж байсан П.Нямлхагва найрагч үнэхээр үзэгчдийг шүлгээрээ уярааж, уйлуулж чадсан юм. Тоглолтонд яруу найрагчийн зохиосон цөөн хэдэн дуу дуулагдсаныг эс тооцвол энэ орой зөвхөн П.Нямлхагва тайзыг бас үзэгчдийг “эзэмдэж” байлаа. Шүлэг бүхнийхээ өмнө хэрхэн бүтсэн тухайтад бяцхан тайлбар хийж, өөрөө хөтлөн чиглүүлж байсан нь магад түүний шүлэг олны чихэнд торох юмгүй хүрч, улмаар огшоож байсан байх. Мэдээж тоглолтын хүндэт зочноор Хүрэлбаатарын Эрхэмбаяраас эхлээд түүний номын багш нар хийгээд Дундговь нутгийн төлөөлөл, анд нөхөд нь байсан юм. Мөн “Омогшин бадарна” тоглолтын гол дүрийн хайртай хөвгүүд нь үзэгчдийг багагүй хөгжөөгөөд авсан нь бас нэгэн онцлох зүйл байлаа. Тэрээр гурван хүүтэй бөгөөд хоёр бага нь ихэр. Аавдаа цэцэг барин гүйлдэх бяцхан найрагчдыг хараад уулга алдах хүн олон байсныг энд өгүүлэх нь зүйтэй. За тэгээд яруу найрагч П.Нямлхагвын анхны тоглолтонд шагналын хур багагүй буусан. Нутгийн зөвлөл, анд нөхөд нь түүнд алд цэнхэр хадаг, уран зураг бэлэглэсэн. Харин 1990-ээд оны “Мөнгөн үе”-ийнхний шилийг даран гарч ирсэн утга зохиолын “Шинэ мянган” нэгдлийн найрагч андууд нь түүний тоглолтыг нэг сая төгрөгөөр мялаасан юм. Тэгэхдээ яруу найрагч Ж.Мөнхбат найрагч анддаа зориулж шүлэг уншсан нь хурсан олныг сэтгэлийг хөдөлгөж байлаа. Ямартаа ч бөхийн өргөөнд сул суудал үлдээгээгүй түүний үзэгчид нэгэн оройг найргийн эгшиг дор сэтгэл хангалуун ёстой л омогшин бадарч өнгөрүүлсэн гэдэгт би хувьдаа бат итгэлтэй байна.




Сэтгэгдэл байхгүй байна