Хүргэнийхээ тавьсан галд өртөн үхэлтэй тэмцэж байсан гэр бүлийн дөрвөн хүнээс /Долоон хүн түлэгдсэний гурав нь өнгөрсөн долоо хоногт нас барсан/ дахин хоёр нь шархаа даалгүй амиа алджээ. Тодруулбал, өчигдөр орой 19.00 цагийн орчимд тус гэр бүлийн ээж нь, мөн гал тавьсан залуугийн эхнэр хоёр амиа алдсан байна. 28 настай том хүү болон гал тавьсан залуу н.Наранбаатар нарын биеийн байдал ч сайнгүй байгаа аж. Том хүүгийн хувьд 80 хувийн түлэгдэлтэй. Эмч нар түүний амь насыг аварч үлдэхийн төлөө шаардлагатай бүхий л эмчилгээг үргэлжлүүлэн хийсээр байна. Харин гал тавьсан н.Наранбаатарыг өндөржүүлсэн хамгаалалт дор эмчилж буй тухай мэдээллийг манай сурвалжлагч дамжууллаа. Галд өртсөн өвчтөнүүдийг Гэмтэл судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвд эмчилж байгаа юм. Хэргийг сануулахад, гэр бүлийн хардалт, өш хонзонгоос үүдэн эхнэр, хадмынхаа гэр бүлийн зургаан хүнийг гэрт нь шатаасан хэрэг энэ сарын 20-нд гарсан юм. Тухайн өдөр гэр бүлийн гишүүд 60-95 хувийн түлэгдэлттэй, гал тавьсан н.Наранбаатар 40 хувийн түлэгдэлттэй Түлэнхийн төвийн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан гэр бүлийн гишүүдийн гурав нь өнгөрсөн долоо хоногт шархаа даалгүй нас барсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна