Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын анхдагчдын нэг, театрын нэрт зүтгэлтэн, театр судлаач С.Дашдондог агсны “Хөгжим, дуурь, балет судлал” номын нээлт өнөөдөр 10.00 цагт УДБЭТ-т болж өнгөрлөө. УДБЭТ-ын зүгээс 50 жилийн ойн хүрээнд санхүүжүүлэн гаргасан уг бүтээлд хөгжим, балет, дуурь гээд бүхий л театрын урлагийн түүх намтар, үүсэж хөгжсөн зам мөр, шүүмж намтарыг нь тод томруунаар гаргасан бүтээл болсон байна. “Хөгжим, дуурь, балет судлал” номонд Монгол сонгодог гэж юу байдаг, монгол дуурь, хөгжимийн талаар ч тайлбаруудтайгаа гарсан аж. Мөн Монголын театрын үүсэл хөгжлийн түүхийг бодитой үндэслэлээр гаргаж тавьснаараа онцлогтой гэгддэг. Тус бүтээлд хэвлэгдсэн хөгжмийн театрын тухай бичсэн шүүмж, тэмдэглэлүүд нь театр судлаач, урлагийн менежерүүд, мэргэжлийн багш, оюутан, театрын урлаг сонирхогчдод үнэтэй гарын авлага болохуйц бүтээл болсныг энд онцолмоор байна. Театр судлаач С.Дашдондог агсан нь “Жаран жилийн шаштир” хоёр боть, “Урлагийн ариун сүмийн мөргөлчдийн тухай тэмдэглэл” зэрэг бүтээлээрээ үе үеийн уншигчдад танил болсон билээ. Номын нээлтийн үйл ажиллагаанд С.Дашдондог агсны охин, театр судлаач Д.Батсайхан болон тус бүтээлийг дахин хэвлэхэд гар бие оролцсон хүндэт зочид, төлөөлөгчид оролцож өргөн дэлгэр боллоо.






Сэтгэгдэл байхгүй байна