Уншигч эрхэм та бүхэнд цувралаар хүргэж байгаа өнгөрөгч хоёр оны “Grand lady” нарын ярилцлага, хөрөг бичлэгүүд таалалд тань нийцэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Угаас эмэгтэй хүний дотоод ертөнц гэгч тайлагдашгүй, дахин давтагдашгүй байдаг билээ. Тэгвэл та бүхэнд “Grand lady-2010“ ёслолын ажиллагааны бизнесийн салбарт шилдгээр тодорсон нэгэн эрхмийн хөрөг бичлэгийг хүргэж байна. Энэ бол “АПУ трейдинг” компанийн захирал Пүрэвээгийн Батчимэг. Гал бол амьдралын эхлэл. Түүнийг тойрон хүмүүс дулаацдаг. Энерги, эрчим авдаг. АПУ хэмээх айлыг сүүлийн 7 жилийн турш удирдаж ирсэн бүсгүйтэй уулзахад надад ийм дулаан, тийм хүчтэй эрчим мэдрэгдсэн юм. Шилдэг эмэгтэй шалгаруулах “Grand lady-2010” ёслолын ажиллагаанд нэр дэвшсэн хатагтай нар салбартаа тэргүүлэгчдээс гадна хүмүүнлэгийн үйлсэд ямар нэг байдлаар гар бие оролцдог эрхмүүд байсан юм. Энэ шалгуурын тойргоос “АПУ трейдинг” компани, түүнийг удирдаж буй эрхэм гадна талд нь үлдэнэ гэж лав байхгүй. Эцэстээ тэр хамгийн олон санал авч шалгарлаа.
Хэдийгээр сэтгүүлч боловч би түүний талаар тэгтлээ мэддэггүй байснаа нуух юун. Тэр тун нууцлаг бүсгүй аж, хатагтай П.Батчмэг. Шагнал, шалгаруулалт нүдээ олсонд зүрх баяраар бялхаж сууснаа нуух юун. Давын өмнө удам судар, угсаа гарал сонжих дуртай Монголчууд дэндүү ухаалаг өвөг дээдэстэй байсан юм уу даа. Дөрвөн хүүхэдтэй айлын ганц охин Монголын томоохон үндэсний компанийг удирдаж явна гэдэг бусдыг дулаацуулах, энэрэл юугаар ивээх гал байхаас гарцгүй ч юм шиг. Түүний ах их хурлын эрхэм гишүүн Г.Батхүү, дүү нар нь “Шунхлай” П.Батсайхан, П.Бат-Эрдэнэ хоёр. Ажлаа мэддэг, чадвартай залуус арын фронт нь. Цагдаагийн хурандаа, хоёр хүү түүний амин хайртай гэр бүл нь. 21-тэйдээ амьдралынхаа ханьтай учирч, хоёр хүүтэй болсон тэрээр эмэгтэй хүний амжилтын үндэс нь сайн ханийн түшиг, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэж бат итгэдэг. Миний баялаг бол гэр бүл. Эмэгтэй хүн хайраар л амьдардаг” хэмээн хатагтай П.Батчимэг ярих. Удмын сайн заяа, сайхан хань, хайрын ургамал нь болох хоёр хүү, үндэсний хэмжээний том компанийг удирдах боломж, төрийн ажилд гар бие оролцох хувь тавиланг бурхан түүнд өгсөн гэлтэй.
Хэвлэлд төдийлөн ам нээгээд байдаггүй түүнтэй ярилцаж суухад хувь зохиол гэгчид бүр их итгэж суулаа. Өөрийн мэдэлгүй шат ахиж, дээшилсээр өдий хүрч ирсэн П.Батчимэг хатагтай уг нь багш мэргэжилтэй. Ажлынхаа гарааг төрөлх Өвөрхангай аймагтаа багшаар эхлүүлж байсан тэрээр дараа нь их сургуулийн багш, БСШУЯ-нд мэргэжилтнээр ажиллаж байгаад Москвад аспирантурт суралцаж байхдаа бизнест хөл тавьж, компани удирдах “үүрэг” авсан байна. Алдар хүндэд хүрэх амархан, харин авч явах хамгийн хэцүү бэрх гэдэг шиг нэгэнт амжилтанд хүрчихсэн том айлыг удирдаж авч явна гэдэг амаргүй нь мэдээж. Түүнээс хойш багагүй он жилүүд өнгөрч түүнийг хэр амжилтанд хүрснийг бид харж байна. 2008 онд улс төрийн сонгуульт ажилд оролцох “үүрэг”-ийг намаас авч орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулан НИТХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ ажлаар Бангкокт томилолтоор ажиллаж байсан тул “Grand lady-2010” ёслолын ажиллагаанд өөрийн биеэр хүрэлцэн ирж амжаагүй ажээ. Тиймээс шагналыг нь албан өрөөнд нь гардуулж өгсөн юм.
Эднийх 8 салбар газартай бөгөөд газрын дарга нараа хатагтай П.Батчимэг өрөөндөө цуглуулжээ. Энэ нь шагнал миний нэр дээр ирж байгаа л болохоос чухамдаа амжилтын эзэд нь миний арын алба, ажилтан албан хаагчид юм хэмээн үзсэнийх. Өндөр боловсролтой, чадвартай чин сэтгэлтэй хамт олноороо захирал хатагтай хамгийн их бахархдагаа дахин дахин онцолж байсан юм. Шижигнэсэн залуустай гар, сэтгэл нийлэн амжилт өөд тэмүүлэхдээ зөвхөн хүн гэгч амьтанд заяасан оюуны их хүч, сайхан сэтгэлийг түшиглэн компаниа удирдаж, баялгийг бүтээж яваа нь АПУ хэмээх энэ их айлын бахархал юм. 86 жилийн түүхтэй, 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж буй тус компани өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагаа биелүүлж, хүмүүнлэг энэрэнгүй үйлсэд гараа сунгаж ирснийг дахин дахин хэлэхээс би эмээхгүй байна. Энэ бүхнийг нэгэн гарт зангидаж, удирдаж явахдаа хажуугаар нь айлын ганц охин үрийн хувьд аав, ээж, ахан дүүсээ энэрэн халамжилж, айл гэрийн эзэгтэйн хувиар тор барин, хүнс цуглуулж, хөвгүүдээ хүмүүжүүлж бас зэрэгцүүлээд ард иргэдэд хамгийн ойр байдаг иргэдийн төлөөлөгч хэмээх төрийн ажлаа үүрч яваа хатагтай П.Батчимэг өрөөлийг дулаан илчээр дулаацуулж эгэл амьдралын түүхээ бичиж явна. Гал байж бусдыг дулаацуулах хувь тавиланг бурхан түүнд заяажээ.
Сэтгэгдэл байхгүй байна