Хясаан дундах сувд

Фото мэдээллийн “ГРАНД” сэтгүүл, www.grandnews.mn цахим хуудсын хамт олон нийгмийн хариуцлагыг эрхэмлэн ажилласаар ирсэн билээ. Энэ хүрээндээ бид шилдэг эмэгтэй шалгаруулах “Grand lady” ёслолын ажиллагааг жил бүр амжилттай зохион байгуулж, өдгөө 11 хүнд хүндэт цом гардуулан, амжилт бүтээлийг нь алдаршуулсан байна. Түүнчлэн маргааш буюу гуравдугаар сарын 15-ны 19:00 цагаас “Чингис хаан” зочид буудлын Тэмүүжин рестаронд өнгөрөгч онд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, өөрсдийн салбар салбартаа манлайлагч болон ажиллаж байгаа хүчирхэг “Гранд мэн” болон “Гранд лэди” нараа олон нийтийн санал асуулгын үр дүнд тодруулж алдаршуулах “Grand people” ёслолын ажиллагааг гурав дахь жилдээ зохион байгуулахад бэлэн боллоо. Юутай ч та бүхэнд өмнөх хоёр жил шилдэгээр шалгарсан ГРАНД бүсгүйчүүдийнхээ энгүй яриа, хөрөг бичвэрээс түүвэрлэн хүргэж байгаа билээ. Энэ удаад “Grand lady-2011” ёслолын ажиллагааны бизнесийн салбарт шилдэгээр шалгарсан  “Петровис” ХХК-ийн захирал Даваанямын Энхчимэгийн хөрөг бичлэгийг хүргэе. 
Ямар нэг амжилт цаанаа заавал нууцтай байдаг. Харин тэр нууцыг хүмүүс хэзээ ч харагдашгүй, баригдашгүй, тэнгэрийн зүйл хэмээн сэтгэх нь бий. “Хар алтны гүнж” Д.Энхчимэгийн хувьд өөр өө. Зөв хүн байх, хэлсэндээ эзэн нь суух төлөвшлийг зарчмаа болгосон тэрбээр аливаа амжилт, хөгжлийн нууц бол сайн боловсрол, сайн чадвар, сайн бодлого хэмээн тунхаглаж ирсэн. Түүний нууц ердөө л энэ...  

Монголын их бүтээн байгуулалтын үеийн тод илрэл болсон Эрдэнэтийн уугуул Энхчимэг багын л сурлагаараа манлайлсан охин байлаа. Тэр эрчээ үл алдан боловсрол хэмээх далайгаас том саваар, байж болох хамгийн ихээр хутган авч, эзэмшсэн нь түүний намтараас тод харагддаг. Хамгийн сүүлд 2001-2003 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг Бизнесийн удирдлагын болон Санхүүгийн мастер зэрэгтэйгээр дүүргэж, 2002 оноос Олон улсын санхүүгийн менежментийн ассоциацийн Колорадо дахь салбарын гишүүн, 2004 оноос одоог хүртэл санхүүгийн батламжлагдсан шинжээчийн кандидатаар тус тус ажиллаж байна. Харь улс орнуудад эзэмшсэн боловсрол, хөгжил нь Д.Энхчимэг гэх бодгальд бусдыг ойлгон хүндэтгэж, тусалдаг, аливаад эмх цэгцтэй, хариуцлагатай байх чанарыг шингээн эх оронд нь илгээжээ.
Оюутан ахуйдаа ажилч чанар, оюуны чадамжаа үнэлүүлэн Японы Иточу корпораци, Америкийн Колорадагийн их сургуулийн Судалгааны ажилтнаар ажиллаж, тэр өөрийгөө хөгжүүлсээр байв. Харин сургуулиа төгсөөд АНУ-ын Денвер хотноо BLYTHE LANE INVESTMENT MANAGEMENT компанид Хөрөнгө оруулалтын шинжээчээр ажилд орлоо. Гол хөрөнгө оруулалтын хувьцааг хянах, шинжлэх, үнэт цаасны зах зээл дээрх мэдээллийг боловсруулах, санхүүгийн моделийг сайжруулан, тэр загвараа ашиглан үнэт цаасанд хөрөнгө оруулалтын анализ дүгнэлтийг хийх эл ажил түүнд онолын мэдлэгээ хэрэгжүүлэхэд буюу бизнес болгоход гүүр болж өгснийг онцлон ярьдаг. Ямар ч ажил ачаалал ихтэй. Тэглээ гээд шантрах бус түүнийг гүйцэтгэл сайтай хийхийн тулд хобби маягаар буюу сонирхол төрүүлэхүйц болгож чаддаг байх ёстой юм гэсэн бяцхан “үзэл”-ийг эндээс ухаарсан нь тун ч хөөрхөн “олз” байлаа. Аливаа мэдээллийг ажилтайгаа уялдуулах, хэрэгцээтэй дүгнэлт гаргахад хэрхэн ашиглахыг чухам эндээс л тэр суралцсан гэдэг.
Ажлын амт шимтийг ид мэдэрч, санасан сэдсэнээ хэрэгжүүлж яваа хэн бүхэн л өөрийн гэсэн алдаа оноотойгоор урагшилдаг. Тэрээр CITIGROUP-ийн даатгалын салбарт ажиллаж байхдаа Хятад, Япон, Бразил, Австрали, Польш дахь даатгалын салбаруудын хөрөнгө оруулалтын үр дүн, гүйцэтгэлийг хянах, хилийн чанад дахь даатгалын хөрөнгө оруулалтын бодлогын дагуу гүйцэтгэлийг дүгнэх тун ч хариуцлагатай албыг хашиж байв. Энэ хугацаанд Австрали дахь хөрөнгө оруулалтын үр дүнгийн тооцооны ялгаатай зарчмыг илрүүлэн өөрчилсөн нь цаашдын ийм тооцоог зөв хийхэд тустай болсон хэдий ч бусад нэгжүүдэд өөрчлөлт хийх шаардлага тулгарсан байна. Энэ нь ажлын цаана хүмүүсийн өөрчлөлтөнд хандах хандлагын хүчин зүйлс чухал томоохон нөлөөтэй байдаг гэдгийг ойлгуулсан явдал болжээ. Нөгөө талаараа үнэхээр цаг хугацаа зарцуулж, уйгагүй ажиллаж чадвал ямар ч асуудлын зангилааг тайлж болох юм гэдгийг тэр ухаарсан байна.
Д.Энхчимэг эх орондоо ирээд төрийн байгууллагаас ажлын гараагаа эхэлж Үйлдвэрлэл худалдааны яаманд АНУ, Канадыг хариуцсан аппаратын мэргэжилтэн болов. Яамныхаа хэлэлцээр зохион байгуулах хэсгийн UNDP болон USAID-тэй хамтран ажиллаж, худалдаа эдийн засгийн ач холбогдол бүхий чухал уулзалтуудыг зохион байгуулж байлаа. Төр яаж ажилладаг, шинийг санаачлан түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд ажлаа хэрхэн зохион байгуулах талаар маш олон зүйлийг эндээс суралцсанаа тэрбээр онцолдог. Ихэнх төрийн албан хаагч нь улс орны ирээдүйн сайн сайхны төлөө гэсэн чин сэтгэл, зарчим барин, аль болох хянах, зохицуулах, төрд ашигтай байлгах гэсэн үзлээр ханддагийг эндээс ойлгож авав. Гэхдээ хувийн хэвшлийн өнцгөөс эргээд харахад төрийн албан хаагч нь алсын хараа зорилгоо барьж, бодлого гарган ажиллаж, илүү дэмжих, туслах, хөгжүүлэх өнцгөөс асуудалд хандаж байвал зөв юм уу гэж боддог болсон байна. Түүний дараагийн буухиа нь “ЭРДЭНЭС МГЛ” ТӨХК байлаа. Энд тэрээр Төлөвлөлт хөрөнгө оруулалтын албаны даргаар томилогдож, эх орныхоо төрийн өмчит групп компанийг бүтээн босголцож, бүтэц зохион байгуулалт, бизнес загварыг бий болгоход гар бие оролцон ажилласан байна. Монголын залууст оюуны чадавх бий ч түүнийгээ ашиглах чадвар, туршлага дутагдалтайг тэр олж харан, сайн залуусыг судлан, хэрэгтэй мэдлэгийг нь өгч, дараа нь илүү амжилттай ажиллах хөшүүргийг бий болгосохд чармайн ажиллажээ.
Өнөөгийн нийгэм хүнээ дээдэлж, хүмүүсийн харилцаанд тулгуурлан хөгжиж буй учраас зөв газраа зөв хүнийг ажиллуулах, идэвхжүүлэлт, урмыг цаг тухайд нь чамбай өгч байх, хамтран ажиллагчаа зөв сонгох зэрэг нь удирдахуйн ухааны гол үндэс болдгийг тэрээр туулж өнгөрүүлсэн их туршлагаасаа олж мэдсэн гэдэг. Тиймдээ ч хоёр мянга гаруй ажилтан албан хаагчтай Монголын хамгийн том, үндэсний өргөн сүлжээ бүхий “Петровис” компанийг тэр түүртэх юмгүй авч явна. Өнгөрөгч 2011 онд 2.3 тэрбум төгрөгийг нийгмийн сайн үйлст зориулсан “Петровис”-ынхон үндэсний хөрөнгө оруулагч компанийн хувьд Монгол улсын хөгжил цэцэглэлтэнд бодит хувь нэмрээ оруулан, эдийн засгийн бүтээн босголтонд өөрийн гэсэн байр суурийг эзэлж, ирээдүйг хамтдаа бүтээнэ гэдэгтээ итгэл төгс Д.Энхчимэг захиралтайгаа  урагшилсаар.
Хувь хүнийхээ хувьд дэндүү нууцлаг, зарчимч, нийгэм олон нийтэд төдий танил бус, эрдэм боловсролыг амьдралынхаа хамгийн үнэт зүйл болгосон дэлхийд үнэлэгдсэн нэгэн монгол бүсгүй-удирдагч хатагтайн талаар үзэг цаас нийлүүлэхэд ийм л албархуу өнгө аястай үгс урслаа. Магадгүй Д.Энхчимэг хэмээх энэ ертөнц зөвхөн сурч мэдэхийг, хийж бүтээхийг л эрмэлздэгтэй холбоотой юм болов уу. Ямартай ч “Петровис” компани ийм алт шиг толгойтой, сурч мэдсэн хийгээд хийж бүтээсэн дэндүү том бүсгүйг өөртөө урвуулж чадсаныг хараад цагаахан атаархал төрлөө. Дараа түүнийг сайн таньдаг болсон хойноо жинхэнэ дотоод ертөнцийн хөрөг танд хүргэхээ амалъя.
Г.СОЛОНГО     

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • nar
    bas l xiimel amitan bna
    2013 оны 03 сарын 20 | Хариулах
  • *****
    5 setgegdeliin 4 n naigyi ataarhsan bhiinmaa. Mongolchuud yahaar iim muuhai zantai baidag yum boloo
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
  • za
    zahialgaar bichyylchih um, tengert tultaln magtah um bayan hyn bolohoor hevlel doron mungiin avaad hevelchih um
    2013 оны 03 сарын 17 | Хариулах
  • erdenetiih
    daanch tiim bhaa neg l tanil tsarai baisiimaa erdenetiin 4-r surguuliig tugssun bhaa. bi ch bas heden onii tugsult be
    2013 оны 03 сарын 16 | Хариулах
  • dald ortol n dolignoh yum aa
    2013 оны 03 сарын 14 | Хариулах
  • yag shdee nowsh
    2013 оны 03 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025