Монголд анх удаа Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин, МУСТА Ц.Баясгалан Францын нэрт дуучин Эдит Пиафын амьдрал, түүний дуулсан дууны тухай өгүүлсэн моно музыкл драмыг энэ сарын 16-ны 20:00 цагаас бидний хэлж заншсанаар Шангрила буюу Централ Таурын 17-р давхарт байрлах МОНЕТ ресторанд тоглох гэж байна. Нина Мазурийн зохиолоор тус театрын найруулагч, МУУГЗ Б.Баатар найруулан туслах найруулагч Баяржавхлан, зураач МУСТА Н.Батбилэг, хөгжим чимэглэл МУСТА Т.Ганхуяг, Франц хэлний зөвлөх Т.Дөлгөөн, менежерээр Б.Нямсүрэн нар ажиллаж байгаа юм.
Жүжигчин Ц.Баясгалан 1997 оноос эхлэн тус театрт жүжигчнээр ажиллах хугацаанд “Нууц амраг чинь болъё” жүжгийн Шүр, “Хайрын виз” жүжгийн Ану, “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийн Сарнай, “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Лис, Розина нарын дүр, “Солиотой жүжиг”-ийн Жанна, “Домогт Ану хатан” жүжгийн Ану хатан, “Эсрэг дурлал” жүжгийн шивэгчний дүрүүд зэрэг 50 гаруй жүжгийн гол болон туслах дүрүүдийг тайзнаа бүтээж, үзэгчдийн талархлыг хүлээж олон түмэндээ хэдийн танил болсон гэдгийг манайхан мэдэх билээ.
Тэгвэл жүжиглэх төдийгүй дуулах авъяас чадвараа хөгжүүлэн энэхүү уран бүтээлийг судлан ажиллаж байгаа бөгөөд энэ жил ганц хүний моно драмын төрлөөр драмын шилдгийн шилдэг шалгаруулах “Гэгээн муза” наадамд нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Түүнчлэн жүжигчин Ц.Баясгалан өмнө нь “Гэгээн муза” наадмаас шилдэг дүрийн цомыг 2 удаа гардан авч байсан билээ.
Дашрамд дуулгахад энэхүү жүжиг нь эхдээ хаягдаж эцгийн хатуу гараар өссөн Эдит гудамжны амьдралаас хэрхэн дуучин болж гарч ирсэнээр эхлэх бөгөөд түүний дуулсан L Hy mne al amour, La Vie en rose, No je ne regrette, Padam Padam, Marseillaise зэрэг дуунууд дуулагдах ба Mon Lugionnaire, L accordioniste, Sous le ceil de Paris дуунууд хэрхэн төрөн гарсан тухай өгүүлэх аж. Мөн Эдит Пиафын дуунууд нь түүний дурлалт залуус, бүтэлгүй хайрын түүхүүдээс сэдэвлэн төрөн гарч байжээ. Тэрээр 47-хон наслахдаа хүнд бэрх амьдралыг даван туулсан бөгөөд хайр дурлалгүйгээр тэрний амьдралыг төсөөлөхийн аргагүй юм. Түүний дуунууд нь өөрийнх нь хайр дурлалын нэг хэсэг бөгөөд амьдралын гол үндэс нь болж байжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 8808-8868, 9855-7676 утаснаас авна уу!
Сэтгэгдэл байхгүй байна