Утга зохиолд дусалсан шүүдэр

Эрхэм уншигч таньд “Grand lady” ёслолын ажиллагаанд шилдгээр шалгарч байсан эрхэмсэг хатагтай нарын хөрөг бичлэг  болон ярилцлагыг түүвэрлэн хүргэж эхлээд буй. Тэгвэл энэ удаа “Grand lady 2011” –ийн нийгэм соёлын салбарын шилдэг эмэгтэйгээр шалгарсан зохиолч, яруу найрагч Б.Шүүдэрцэцэгийг хөрөг бичлэгийг тухайн үед тэмдэглэгдэн үлдсэнээр дахин хүргэе.

Өнгөрсөн 2011 он Шүүдэрцэцэгийн жил байлаа. Түүний “Домогт Ану хатан” Монголын утга зохиолын ертөнцөд цахиур хагалж, цензур тогтоосон нь ердөө өнгөрсөн 2011 оны явдал. Түүхэн утга зохиолд  төрийн бодлого,дайн байлдаан, тактик л гардаг. Өөрөөр хэлбэл Энх-Амгалан ийм бодлого явуулж, Галдан бошгот ийм политиктой дайн хийсэн гэж ирээд амьдралаас тасархайдуу ч гэмээр үйл явдал өрнөдөг. Харин Шүүдэрцэцэг анх удаагаа хүний дотоод сэтгэл, мөн чанар, хүмүүний язгуур оршихуй хайр сэтгэлээр дамжуулан тэртээ 15-р зууны эх оронч язгууртан гэр бүл, эх оронч байлдан дагуулалт, монгол хатан ухааныг уран сайхны аргаар тэгтлээ уран тансаг, зүрх эмтрэм гаргасан нь урд хожид утга зохиолд үзэгдэж байгаагүй явдал болсон билээ. Ану хатан зөвхөн эх орондоо хайртайгаас гадна эр нөхөртөө сэтгэлийн угаас хайртай, эр мөн чанарыг нь дээдэлдэг байсан учраас Зуун модны тулалдаанд бугын эвэр бүхий морь хүлэглэж, бүслэлтийг сэтэлж гарсан баатарлаг, хайрлам түүхийг зөвхөн Шүүдэрцэцэг л утга зохиолд тийм утга яруу урлаж, мөнхжүүлж чадсан юм. Хэр баргийн хүн Ану хатныг уншаад ядахдаа л нүдэндээ нулимс, зүрхэндээ шаналал тээнэ. Би л гэхэд романы сүүлийн арваад хуудсыг уншиж байхдаа мэгштэл уйлж билээ. Уншиж эхлэхээс хуралдаж, зангирсан омогшил, өмөлзөл эцэстээ тэсэрсэн нь тэр. Утга зохиол, үгийн шидийг тэгтлээ зүрхэндээ ойр мэдэрсэн энэ мэдрэмж одоо ч сэтгэлийн мухарт хадгалагдаж үлджээ. Одоо домогт Ану хатан энэ л чанараараа дэлгэцэнд мөнхөрнө гэж бодохоор эмэгтэй хүнийхээ хувьд догдолж, омогшиж сууна.
Шүүдэрцэцэг “Grand lady” болчихоод хэлсэн үгэндээ тэр тэнгэрлэг хатан намайг дээрээс харж, ивээлээ хайрлаж байгаа байх хэмээн онцолно лээ. Тэр өөрөө уг нь язгуур гаралтай эмэгтэй. Эмээ нь хошуу тамгын ноён Магсаржавын төрсөн охин Цэрэндоной. Эмээгийнхээ гар дээр өсөж хүмүүжсэн бяцхан Шүүдэрцэцэг хөгшчүүдийн хүүхдүүд хэзээний хэрсүү, өөртөө итгэлтэй бие хүн болж төлөвшдөг жамыг тойроогүй нь илт харагддаг. Нөгөө талаар язгуур угсаа гарал гэдэг зүгээр ч нэг зүйл биш л дээ. Сайн хүний үр гэж дээдэлж ирэхдээ бидний өвөг дээдэс үүний цаана хувь заяа, өгөгдөл нуугдаж байдгийг онцолсон байдаг. Магадгүй тэр язгуур гаралтай учраас баатарлаг, дээд язгуурт Ану хатны хэн ч нураашгүй хөшөөг үгийн шидээр урлаж, өөрийгаа Монголын утга зохиолын ертөнцөд бардамхан тунхагласан ч юм билүү. Энэ бол хувь заяаны заавал тохиох учрал байж болох гэх бодол өөрийн эрхгүй төрлөө.
Шүүдэрцэцэг Нийслэлийн 1-р дунд сургуульд элсэж ороод, 5-р сургуулийг дүүргэжээ. 1989 онд вагон дүүрэн хойд хөршийг зорьсон сүүлчийн цуваанд багтаж, Эрхүүгийн их сургуульд орлоо. Ердөө жилийн дараа ардчилсан хувьсгал өрнөж, картын барааны үе эхлэх цагаар эх орондоо эргэж ирэн МУИС-ийн сэтгүүлзүйн ангид элсэж төгссөн юм. Төгсөөд тухайн үеийн төвийн ганц том хэвлэл “Ардын эрх”-д хууль зүйн албаны сэтгүүлчээр ажиллаж карьераа эхлүүлжээ. Удаа ч үгүй залуу сэтгүүлч бүсгүй Тоймчдын албаны дарга болов. “Хонх”-ын С.Цогтсайхан, “алмас” хэмээх Батбаяр хоёр түүний цэргүүд. Дараахан нь ЗГХМА-нд уригдаж, М.Энхсайхан даргын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллах боллоо. Ийн сэтгүүлзүйн салбарт зогсолтгүй урагшилсан түүний карьер чухам мэргэжлийн ур чадварынх нь үр дүн байсан юм. Тухайн үедээ дуулиан тарьж байсан “Чемодантай юм”, “Сүүдэр дайрсан бага нас” хэмээх хоёр бичлэгээрээ 1996 оны “Ардын эрх” сонины шилдэг бичлэгийн эзэн болсон нь түүх болон үлджээ. Харин зохиолч болсон эхлэл нь их санамсаргүй. Бага охиноо төрүүлчихээд гэртээ сууж байхдаа эрхлэн гаргадаг сониндоо зориулж “Хулан” хэмээх тууж бичсэн нь утга зохиолоор ангаж цангасан нийгэмд талх тариа мэт дэлгэрч, уншигчдынхаа шахалтаар тэр утга зохиолд эргэлт буцалтгүй хөл тавьсан юм. Харин энэ Шүүдэрцэцэгийн хувь тавилан байсныг тухайн үедээ гадарлаа ч үгүй биз.         
Тэр их өөр эмэгтэй. Их сонин сэтгэнэ. Лав л хаа сайгүй дайралддаг нийтлэг дүр биш. Заримдаа хэт өөрийнхөөрөө. Анхны харц, анхны сэтгэгдлээр таалагдах ертөнц биш. Харин цаг хугацаа, орон зай бас түүнийг ойлгох хэмжээний оюун ухаан Шүүдэрцэцэгийн дотоод мөн чанарыг таниулдаг. Цаг хугацаа явах тусах үнэ цэнэ нь тодорч, өндөрсдөг урлагийн үнэт “бүтээл” юм уу даа. Хэр баргийн “эмэгчинд” байхгүй хэт үнэн, феминист үзэл түүнийх. Хүүхнүүдээ тэгтлээ их хайрлаж, өмөөрдөг бүсгүйтэй түүнээс өмнө тааралдаж байсангүй. Шүүдэрцэцэгийг улс төрийн намууд нэгээр зогсохгүй бүжгийн талбайд урьж байгааг би гадарлана. Харин тэр өөрөө дэндүү том оршихуй учраас урьсан болгонтой “бүжиглэхгүй”. Хамгийн хайртай уран бүтээлийн ертөнцдөө үлдсэн. Тэр одоо Анугаа кино болгох ажилд ханцуй шамалчихсан, зургийн талбай дээр яваа. Сэтгэлгээний эрх чөлөө эдлэх урлаг гэж энэ гэлтэй. Нийгэм, цаг үеэ хошуучлах, оюун санааны удирдагч байх хувь тавилан, эрхэм үүрэг даалгавар чухамдаа Шүүдэрцэцэгийнх. Ийм үйлсийн дэргэд улс төр жижигдэх нь аргагүй биз.  
Хүчирхэг эмэгтэй өөрийгөө бүтээдэг гэж ярих дуртай зохиолч хатагтай гаднаа ихэмсэг, ойлгомжгүй ч гэмээр хачин араншинтай. Харин тулаад ирвэл харьцахад ойлгомжтой, цэгц шулуун, артистократ-боловсон. Товчоор түүнийг ингэж тодорхойлж болно.  
                                                                               М.УРАНЧИМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • *****
    Taalagddgyu sh dee
    2013 оны 04 сарын 05 | Хариулах
  • санал орохгүй байна
    энэ санал авах гэдэг нь хуурамч бололтой
    2013 оны 03 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025