Эрхэм уншигч танаа бид өөрсдийн санаачлан бий болгосон “Grand lady” ёслолын ажиллагааны шилдгээр шалгарсан эрхэмсэг хатагтай нарын хөрөг бичлэг болон ярилцлагыг түүвэрлэн хүргэж эхлээд буй. Энэ өдөр таны танилын хүрээг нэгээр нэмж, гэгээлэг үйлсээрээ үргэлжид тэргүүлэгч байдаг нь энгийн атлаа, энгүй нэгэн хатагтайн тухай хөрөг бичлэгийг өргөн барьж байна. Тэрээр” Grand lady 2011”-ийн хүмүүнлэгийн салбарын шилдэг эмэгтэйгээр шалгарсан билээ.
Түүнийг 2008 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Налайх, Багануур дүүргээс төлөөлөгчөөр сонгогдон орж ирэхэд “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн эгч гэдгээр нь хүмүүс мэддэг, ярьдаг байлаа. Түүнийг гадаадад олон жил сурч байгаад дараа нь ажиллаж байсан Монголоо мэдэхгүй, америкжсан хүүхэн гэж хэлэх хүн ч байсан. Гэтэл Б.Саранчимэг аль хэдийнэ улс төрд өөрийн орон зайгаа эзэлсэн нэгэн байсан юм. Тэрбээр АНУ-д сурч, бүр ажиллахаасаа өмнө УИХ-ын Тамгын газарт нэлээд хэдэн жил ажиллажээ. Ингэхдээ тэр үед олон хүний хэрэглэж эзэмшиж хараахан сураагүй байсан компьютерийн сүлжээний ажлыг хийж байв. 2008 оны сонгуулиар одоогийн МАН-ынхан түүнийг Америкаас дөнгөж эх орондоо газардаад байхад нь нуугдмал “эрдэнэ” байсныг анзаарч, шүүрч аван намынхаа нэрийн өмнөөс захын хоёр дүүрэгт нэр дэвшүүлсэн бөгөөд Б.Саранчимэг ч олонхийн санал аван өдгөө нийслэлийн парламентад сууж буй.
Түүний хийе гэснээ дуусгаж байж санаа амардаг, зарчимч, ажилдаа үнэнч махруу занг Налайх, Багануурынхан ажигласан байж таараа.
Нэг эхлүүлсэн ажлаа дуусгахыг эрмэлздэг нь түүний нэг чухал зан. Өдгөө тэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хэмээх айлын даргаар ажиллаж байгаа. Үр дүн нь удаан гардаг ийм ажилтай зууралдсан нь нэгэнт эхлүүлснээ дуусгах “муу” зандаа хөтлөгдсөнийх байх. Нөгөө талаар Б.Саранчимэг их буянлаг, хайрламаар дотоод ертөнцтэй. Хүний натур гэж байдаг даа. Тэр нь өр нинжин, хүүхэнлэг, эгэл цагаан. “Мод тарих, цэцэрлэгт хүлэмж хийх сайхан ажил. Ургамал ногоо ургаж төлжиж байгааг харах хичнээн сайхан гээч” гэж тэр ярих.
Энэ л мөн чанартаа хөтлөгдөж төрийн их ажлын хажуугаар цэцэрлэгт хүрээлэнгийн дуусашгүй их ажилд оюун ухаанаа чилээж явна. Түүнээс бус түүнд өөр аятайхан ажлын санал ирдэг нь нууц биш. Нийслэлийн Нийгмийн ардчилал, эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч гээд түүнд давхар ажлууд олон. Энэ бүхнийг ар гэрийн ажлынхаа хажуугаар түүртэх юмгүй амжуулна. Амжуулахдаа зүгээр нэг өнгөрөөхийг хүсэхгүй, чамбай хийх, өөрөө гардах гэж зүтгэдэг нь түүний алдаа ч байж мэднэ.
Сараа олон таван юм яриад явдаг ам задгай бүсгүйчүүдийн нэг биш. Дуугүй явж байгаад ажлаа амжуулахыг илүүд үзнэ. Дүр эсгэхгүй. Тал засахгүй. Харахад зөөлөн хэрнээ зүрхэн чанаддаа хатуу, нугаршгүй араншинг нуудаг нь анзаарагддаг. Гайхалтай илтгэх ур чадвар түүнийх.
Бичгийн боловсрол сайтайнх биз. Тэгээд ч эцэг шинжлэх ухаан матемтикт багаасаа нэвтэрч, эргэцүүлэн бодох, эмх цэгцтэй сэтгэхийг шаарддаг шатарчны толгой нь энэ зэргийн байтугай ур чадварыг түүнд өгсөн байж таарна. Ухаад, сориод байвал өшөө ч их зүйл түүний дотоодод нуугдаж яваа гэдэгт эргэлзэхгүй байна.
Б.Саранчимэгийг Монголын хамгийн том нам сая гаруй хүнтэй нийслэлийн эмэгтэйчүүдийн холбоогоо удирдуулахаар томилохдоо олон мянган боловсон хүчнүүдээсээ бас л хүнээ олоод тавьчихсан хэрэг болсон. Тэрбээр нийгэмд чиглэсэн, эмэгтэйчүүдэд хэрэгтэй ямар үр өгөөжтэй арга хэмжээ зохиох вэ, сонгогдсон тойргийнхондоо зориулсан үр бүтээлтэй ажил хийх юмсан, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээ хурдхан шиг ашиглалтад оруулж нийслэлчүүддээ цэвэр агаар өгөхсөн хэмээн байнга ярьж явдаг юм. Ярьснаа хэрэгжүүлэхийн тулд цаг наргүй ажиллаж, сэтгэл зүтгэл гаргаж явааг нь үнэлж, “Гранд” сэтгүүл Хүмүүнлэгийн салбарын “GRAND LADY”-гээр түүнийг тодруулсан нь эзнээ онож олсон хэрэг боллоо гэж баярлаж сууна. Бид хэн нэгэнд таалагдах гэж хэтэрхий их дүр эсгэж, хиймэл хувцас нөмөрч, байгаль эхээс төрсөн үнэт зүйлээ алддаг.
Гэтэл энэ дунд Б.Саранчимэг өөрийнхөөрөө, зоргоороо би ертөнцөө тунхагласаар ирсэн. Яг л байгалиас заяасан өр нинжин сэтгэл, өрөөлийг гэх хайрлам, хариу нэхэхгүй зүрх түүнд байдаг юм. Түүнийг нь энэ цаг үеийнхэн ойлгож, үнэлэх нь харин юу бол гэж боддог байсан минь эндүүрэл байж. Тэр зүй ёсоор үнэлэгдлээ.
Цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэдэг цагаан гартай хүнд зориулсан ажил биш л дээ. Гэвч Б.Саранчимэг хаврын хавсаргатай энэ өдрүүдэд суурь нь тавигдаад байгаа цэцэрлэгт хүрээлэнгийнхээ талбайд явж байгаа. Яагаад гэвэл тэр эхэлснээ дуусгах ёстой гэж боддог тууштай, чанга хатуу хүн.
Хөдөөгийн эгэл жирийн охин улсын математикийн олимпиадад түрүүлж, өдгөөгийн эрхэм гишүүн Р.Гончигдоржид тоогдсон нь Б.Саранчимэгийн хүүхэд нас. Тооны ухаанд гаргууд бяцхан охин удаа ч үгүй Олон улсын шатрын 2-р зэргийн мастер цол авлаа. Зөвхөн энэ амжилтаар л түүний потенциалыг илүү үггүйгээр үнэлж, цэгнэж болно. Гэхдээ тэр хэзээ ч цээжээ дэлдэхгүй. Дэлдэх ч үгүй. Өөрийнхөө жим замаар, өөртөө итгэлтэй хүний ёсоор амьдрал хэмээх их далайд тэр урагшилсаар. Их хүмүүн гэгч газар дэлхийд ирээд бага юм хэрэглэж, их өглөг өгөөд буцан одогч хэмээн Дарамын Батбаяр ахайтан нэгэнтээ өгүүлсэнийг энд дурдаад Б.Саранчимэгт өмчлөгдөх ертөнцийг чадан ядан нээх гэж оролдсон нийтлэл хөргөө жаргаая.
Сэтгэгдэл байхгүй байна