Тээгч эх болгосон байж магадгүй

Т.АЯТУНГААГ ИЙМ ХЭЛБЭРИЙН ГЭМТ ХЭРЭГТ ӨРТСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭМЭЭВ-
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх бодлого” сэдэвт зөвлөлдөх уулзалт өчигдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо. Уг арга хэмжээнд Хууль зүйн яам, Эрүүгийн цагдаагийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Хүйсийн тэгш эрхийн төв зэрэг байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Тэд хүн худалдаалах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрхэн тэмцэх чиглэлээр мэдээлэл солилцов.
Замым-Үүд болон Эрээн хот нь хүн худалдаалах гэмт хэргийн дамжин өнгөрүүлэх бааз болдог байна. Хүн худалдаалах гэмт хэргийн золионд ихэвчлэн охид бүсгүйчүүд өртдөг. Тэднийг өндөр цалинтай ажилд зуучилна, гадаадын хүнтэй гэр бүл болгоно гэхчилэн хууран мэхэлж, хил давуулдаг гэнэ. Улмаар бичиг баримтыг нь хураан авч, хүчээр биеийг нь үнэлүүлдэг аж. Уг хэргийг үйлдэгчид нь монгол хүн байдаг тухай албаны эх сурвалж дуулгав. Монголчууд монгол хүнээ гадаадынханд худалдаж байгаа энэ төрлийн гэмт хэрэг жилдээ 8-10 удаа гардаг гэсэн судалгаа бий гэнэ.
Сүүлийн дөрвөн жилийн байдлаар хүн худалдаалах 44 хэрэг бүртгэгдсэнээс 30 гаруйг нь шүүхээр шийдвэрлэсэн байна. Ийм хэрэг үйлдсэн хүнийг доод тал нь таван жилийн хорих ял оноодог юм байна. Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөгсөд БНХАУ руу гардаг ажээ. Тус улсын Бээжин, Гуанжоу, Таньжин, Донгуанг хотод энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн монгол бүсгүйчүүд цөөнгүй гэнэ. Мөн Алтан-Эмээл, Манжуурт сүүлийн үед хүн худалдаалах гэмт хэрэг газар авч байгаа гэнэ. Харин Макаод 5-6 зочид буудал, саун байдаг бөгөөд тэнд 60 орчим монгол эмэгтэй биеэ үнэлдэг гэсэн мэдээлэл хууль хяналтын байгууллагад иржээ. Энэхүү гэмт хэргийг зохион байгуулагчид вэб сайт ашиглаж бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлдэг байна. Интернэтэд тухайн бүсгүйн байгаа хаяг, цагийн үнэ, биеийн хэмжээ, жин зэрэг мэдээллийг байршуулсан байдаг гэнэ. Хятадын хотуудад биеэ үнэлэгч бүсгүйчүүдийн нэг цагийн хөлс нь дунджаар 300-500 юанийн ханштай байдаг аж. Үүнээс зуучлагч нь тодорхой хувийг нь авдаг бөгөөд хохирогчид цөөхөн хэсэг нь ногддог байна.
Одоогийн байдлаар хүн худалдаалах гэмт хэрэгт яг хичнээн монгол хүн өртсөн талаар нарийн статистик мэдээлэл манай хуулийн байгууллагад байхгүй гэнэ. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэрийлэхийн тулд тухайн улсад суугаа манай Консулын газрынхан хамтран ажиллах хэрэгтэйг энэ үеэр онцлов. Монгол Улсаа төлөөлж суугаа ЭСЯ-ны ажилтнууд гэмт хэргийн золиос болж буй монгол иргэдийнхээ төлөө анхаараасай гэлээ.
Хүн худалдаалах гэмт хэргийн шийдвэрлэлт хангалтгүй байгаа талаар “Хүйсийн тэгш эрхийн твв” ТББ-ын тэргүүн Г.Ганбаясах ярилаа. Энэ нь боловсон хүчнүүдийн мэргэшсэн байдалтай холбоотой гэв. Тэрбээр энэ төрлийн гэмт хэргийн талаар хэд хэдэн баримт дэлгэсэн юм.
2008 онд БНХАУ-ын Улаанцав аймгийн иргэн болох хятад залуутай 17 настай монгол охин гэр бүл болжээ. Охиныг хойд эцэг нь 20 мянган юаниар худалдсан байна. Тэрээр хятад эрээс сүйний мөнгө хэмээн ийм хэмжээний мөнгө аваад охиноо харийн хүнд өгөөд явуулчихжээ. Харин хүйсийн тэгш эрхийн төвийнхөн охиныг эх оронд нь буцаан авчирсан байна. Мөн гадаадын иргэнтэй гэр бүл болохоор очсон охид бүсгүйчүүд тээгч эх болж хувирдаг гэнэ. Тодруулбал, монгол бүсгүйчүүдийг гадаадын иргэд гэр бүл болж, аз жаргалтай амьдарна гэж мэхлэн өөрийн улс орон руугаа дагуулан явж хүүхдээ гаргуулж авчихаад хөсөр хаядаг байна. Ийнхүү зорилгоо биелүүлсэн гадаад эр монгол эмэгтэйг өөрөөсөө зайлуулахын тулд бичиг баримтын зөрчилтэй, хууль бусаар оршин тогтнож байна гэхчилэн тухайн оршин суугаа улсын холбогдох байгууллагад хандан нутаг буцаадаг аж. Нэг ёсондоо Монгол эмэгтэйчүүдийг тээгч эх болгон ашигладаг гэнэ. Г.Ганбаясах энэ тухай дурдахдаа Т.Аятунгаад тохиолдсон явдал үүнтэй ижил болохыг онцоллоо. Гадаадын иргэн Чарльз Эргэн Т.Аятунгаатай гэр бүл болж сайхан амьдарна хэмээн харийн орныг зорьсон байдаг. Тэндээ очоод хуурамч хурим хийж, эмэгтэйн итгэлийг олж аваад эцэст нь хүүхдээ авч, Т.Аятунгааг нутаг буцахад хүргэсэн юм. Монгол эмэгтэйчүүдийг тээгч эх болгодог иймэрхүү тохиолдол Хятад, Солонгос зэрэг улсад байнга давтагдаж байгаа гэсэн.
Мөн хүн худалдаалах гэмт хэрэгт насанд хүрээгүй хүүхдүүд золиослогдож байгаа харамсалтай баримт дурдсан юм. Гадаад улс орнууд руу 38054 хүүхэд гарсны 1509 нь одоо болтол буцаж ирээгүй гэсэн судалгаа байдаг юм байна. Хэдэн жилийн өмнө Улаанбаатар-Хөх хотын чиглэлийн 682 дугаар чиглэлийн галт тэрэгний ариун цэврийн өрөөнд 10-14 насны найман хүүхдийг нууж хилээр гаргах гэж байгаад баригджээ. Мөн 2009 онд Австрийн хулгайлагдсан хүүхдүүдийг хамгаалах байранд 15 монгол хүүхэд байсан гэнэ. Тэдний зургаа нь эмэгтэй байж. Охидын биеийг үнэлүүлж, хөвгүүдээр хулгай дээрэм хийлгэдэг байсныг тухайн улсын хууль хяналтынхан тогтоосон гэдэг. Тэдгээр хүүхэд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын халамжийн төвийн шугамаар тэнд очсон гэдгээ хэлжээ. Энэ мэт насанд хүрээгүй хүүхдүүдийг хил давуулан худалдаж, тэднээр гэмт хэрэг хийлгэн бизнес хийгчид энэ ажилдаа нэлээд гаршсан байна. Тэд эрүүл саруул байгаа хүүхдүүдийг албаар зэрэмдэглэж, хүнд өрөвдүүлэхийн тулд гуйлга гуйлгуулдаг гэнэ. Мөн Хятад, Хонгконгт хулгай дээрэм хийж, ял эдэлж байсан хүүхдүүд хэд хэд байж. Харин манай улсад хүүхдүүдийг түрээслэн гуйлга гуйлгуулдаг бизнес бий болжээ. Өдөрт 5-12 мянган төгрөгөөр түрээсэлдэг гэнэ. Уг асуудлыг хууль хяналтынхан анхааралдаа авч, энэ төрлийн гэмт хэргийн эсрэг арга хэмжээ авах шаардлагатай болжээ.
М.Мөнхцэцэг
 
ӨДРИЙН СОНИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • ccc
    Hariin yamar medegdehgui huntei dagaad yavsan huniig hohi ni gehees oor yu gehev
    2013 оны 03 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025