Уго Чавес нас баржээ

Венесуэлийн дэд ерөнхийлөгч Николас Мадуро улс үндэстэндээ хандаж телевизээр үг хэлэхдээ, тус орны ерөнхийлөгч Уго Чавес хорт хавдраар нас барсныг зарлалаа гэж Франс пресс агентлаг мэдээлжээ.
Чавес  Венесуэлийн цагаар мягмар гарагийн 16 цаг 25 минутад (УБ-ын цагаар лхагва гаригийн  өглөөний 05 цаг 55 минут – ред,.) нас барлаа гэж Мадуро мэдэгдсэн байна. “Дахин хүнд халдвар” авснаас болоод ерөнхийлөгчийн бие ихэд  дордсоныг Венесуэлийн эрх баригчид үүнээс хэдхэн цагийн өмнө хүлээн зөвшөөрчээ.
Арванхоёрдугаар сарын дундуур Чавес  Кубын нийслэлд хорт хавдар авахуулах дөрөв дэх мэс засал хийлгэсэн юм. Дараа нь хүндрэл гарч, үүнээсээ болоод Чавес Кубад удаан хугацаагаар байсан бөгөөд  хоёрдугаар сарын дундуур л Венесуэлд буцаж ирсэн байна. Өвчнөөсөө болоод тэр өөрийн тангараг өргөх ёслолд оролцож чадаагүй юм.
Сүүлчийн мэс засал хийлгэснээсээ хойш Чавес олны өмнө нэг ч удаа үзэгдээгүй, түүнчлэн телевизийн нэвтрүүлгээр ч гараагүй байна. Венесуэлийн эрх баригчид түүний мэс засал хийлгэсний дараахь нэг цуврал зургийг л тараасан бөгөөд ингэснээр ерөнхийлөгчийн бие сайжирч  байна гэж  албан ёсоор мэдээлж байсан ч,  түүний бие тун хүнд байгаа тухай цуу яриа таржээ.
Чавес хорт хавдартай болсон нь 2011 оны эхээр тодорхой болсон байна. Үүний дараа тэр 2011 онд Кубад хоёр мэс засал, 2012 оны эхний хагаст бас нэг мэс засал хийлгэж, түүнчилэн хэд хэдэн удаа химийн курс эмчилгээ хийлгэсэн байна. Бие тааруу байсан ч, Чавес 2012 оны аравдугаар сард ерөнхийлөгчийн сонгуульд  дахин ялсан юм.
59 настай Уго Чавес 1999 оноос Венесуэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025