“Гранд” сэтгүүлийн шинэхэн дугаар худалдаанд гарлаа

Хүч ихт луу жил улиран одож тийн ялгагч хэмээх усан могой жилтэйгээ учран золгосон энэ үед “Гранд” сэтгүүлийн 31 дэх дугаар уншигч таны гар дээр хүрч байна. Жил бүр Монгол төрийн золголт хэмээх нүсэр арга хэмжээ болдог байсан уламжлалыг Ц.Элбэгдорж ерөнхийлөгч эвдэж, түшээдтэй хийх золгуутаа эрхэм ерөнхийлөгч гэртээ төвлөрүүлсэн бөгөөд золголтын фото сурвалжлагыг “Гранд” сэтгүүл албан ёсны эрхтэйгээр та бүхэндээ хүргэж байгаа юм. Түүнчлэн улс төрийн томоохон хүчин АН, МАН-ын золголт хийгээд урлаг соёлын одод сар шинээр хэрхэн гоёсныг энэ дугаараас тольдох боломжтой. Тэр бүр хэвлэлийн хуудсанд залараад байдаггүй “Алт Диллер”-ийн Д.Сүх-Эрдэнэ, АН-ын архагуудын нэг “Казино” Л.Байгал гээд хөшигний ард улс төр, бизнесийн амьдралаа үргэлжүүлж ирсэн нууц ноёнтнууд хийгээд уул уурхайн салбарт Жорж Төмөр нэрээрээ алдаршсан “Хүннү коал”-ын Т.Лхагвадорж Х.Баттулга сайдын хүргэн болсон тухай гэх мэт олон сонирхолтой мэдээллүүд энэ дугаарт багтжээ. Мөн могой жилд төрөх Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн арми, Бу.Жагаагийн баялаг болсон гэр бүлтэй танилцах гээд үргэлж шинэ содон, анхдагч байж чаддаг тэр заншлаараа “Гранд” сэтгүүлийн хамт олон шинэхэн дугаартаа  олон сенсаацитай мэдээллийг багтаасан байна.
Түүнчлэн “Гранд” сэтгүүлийн зүгээс Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан шилдэг эмэгтэй лидерүүдийг шалгаруулах “Grand Lady” ёслолын ажиллагааг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Тэгвэл энэхүү ёслолын ажиллагаа нь энэ жилээс хамрах хүрээгээ тэлж тухайн оныхоо “Grand man”-ыг ч мөн шалгаруулахаар болж, “Grand people” нэртэйгээр зохион байгуулагдах болсон байна. Гурав дахь жилдээ зохион байгуулагдах тус ёслол хүндэтгэлийн ажиллагаа 2013 оны 03 сарын 15-нд болох аж.  Санал асуулгын хамгийн үр дүнтэй хийгээд түгээмэл хувилбар болох “онлайн” хэлбэрээр 2013 оны 3-р сарын 1-нээс 14-ний хооронд www.grandnews.mn цахим хуудсаар санал авах бөгөөд саналын тоогоор 6 номинаци тус бүрт нэг лидер эрэгтэй, эмэгтэйг шалгаруулах гэнэ. Мэдээж нэр дэвшигчдийн дэлгэрэнгүй танилцуулгыг та бүхэн “Гранд” сэтгүүл болон www.grandnews.mn сайтад зочилсоноор харах боломжтой. Ингээд олныг үл нуршин та бүхэнд олон шинэ сенсаацитай мэдээ, мэдээллээр дүүрэн “Гранд” сэтгүүлийн могой жилийн анхны дугаар худалдаанд гарсаныг баяртайгаар дуулгая.  


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025