“Зууны мэдээ” сонинд улсын заан Ч.Санжаадамбатай холбоотой нэгэн мэдээлэл эхний нүүрт нь нийтлэгджээ. Тэрхүү мэдээнд Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаас шийдвэр гаргаж улсын заан Ч.Санжаадамбын барилдах эрхийг хоёр сараар хассан тухай дурдсан байна.Усан могой жилийн сар шинийн барилдааны дөрвийн даваанд улсын заан Ч.Санжаадамба улсын начин Б.Батмөнхтэй барилдах үеэр “Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.4-ийн Д-д зааснаар гутлын өлмий дээр гишгэж мэх хийж унагасан тохиолдолд дахин барилдуулна гэсэн заалтын дагуу хөлийн цэц дахин барилдуулахаар шийдвэрлэсэн юм. Харин энэ үеэр улсын заан хөлийн цэцийн шийдвэрээс татгалзаж тахимаа өгсөн билээ.
Түүний барилдах эрхийг хассан тухай шийдвэрт “Төрт ёсны их баяр ёслолын үеэр бүдүүлэг үг хэлэх зэргээр олон нийтийн өмнө жудаггүй аашилсан учраас” хэмээн дурдсан байжээ. Тиймээс улсын заан Ч.Санжаадамба өнөөдөр болох Эх орончдын баярын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд оролцохгүй гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна