МАХН-ын наймдугаар Бага чуулган өчигдөр хуралдаад таван үндсэн асуудлыг хэлэлцсэн бөгөөд 02.00 цагт өндөрлөсөн байна. Эхэнд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн улс төрийн илтгэлийг сонссон бөгөөд дараагаар нь намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналуудыг хэлэлцсэн байна. Энэ хурлаар намын дарга Н.Энхбаярыг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийх боломжгүй талаар яригдаж байна гэх мэдээлэл явж байсныг албаны эх сурвалж үгүйсгэсэн бөгөөд намын дарга, дэд дарга нарын асуудлыг биш МАХН-ын төв аппаратын бүтэц, зохион байгуулалтыг хэлэлцэж 7 хүнийг шинээр намын удирдах аппаратад сонгосон байна. Тухайлбал, Санхүү хариуцсан нарийн бичгийн даргаар П.Хангал, Хүний нөөцийн асуудал хариуцсан даргаар О.Лхагвацэдэн, Гадаад харилцааны асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар У.Барсболд нарыг сонгосон аж.
Олны анхаарлын төвд буй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх, бусад намтай хамтран ажиллах тухай нэлээд хугацаанд хэлэлцсэн бөгөөд ирэх дөрөвдүгээр сард болох чуулганаараа эцэслэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
Сэтгэгдэл байхгүй байна