Ноён хутагт Данзанравжаагийн хойд дүр Энэтхэгийг зорилоо

Говийн ноён хутагт Данзанравжаагийн есдүгээр дүр саяхан тодорсон билээ. Хутагтын хойд дүрээр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат Отгоннамжилын Угтахбаяр гэдэг 20 гаруй насны  залууг  тодруулсан нь үе үеийн ноён хутагтаа дээдэлдэг говийн зон олны сэтгэлийг баярлуулжээ. Өлзийтийн Равжаа л гэхэд тавдугаар ноён хутагтаар тодорч, Данзанравжаа нэрээр алдаршсан түүхтэй. Дорноговь  аймгийн Хөвсгөл суманд төрсөн  бол түүний хойд дүр мөн, Хөвсгөл сумаас төрсөн нь санаандгүй хэрэг биш гэсэн яриа өдгөө нутгийнхныг ид шуугиулж байна. Мөн 300 гаруй хүнээс Далай лам тодруулсан юм чинь магадтай үнэн хэмээн хөөрцөглөх нэгэн ч тааралдана. О.Угтахбаяр таван настайдаа Хамарын хийдэд шавилан сууж байгаад Энэтхэг улсад очиж бурханы номонд суралцсан нэгэн ажээ. Өчигдөр Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Равжаа хутагтын тахилч З.Алтангэрэл болон сүсэгтэн олноо төлөөлсөн 30 гаруй хүн Энэтхэгт очиж, XIV Далай ламтай уулзахаар морджээ.
Дашрамд Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн тухай товчхон өгүүлье. XIX зууны Монголын их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийг үндэслэгч, жүжгийн зохиолч, Буддын шашны нууц тарнийн их мастер, говийн тавдугаар Догшин ноён хутагт Данзанравжаа 1803 онд хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу /одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг/ Шувуун шанд хэмээх газар ядуу ард Дулдуйтын гэрт мэндэлжээ. Монголдоо төдийгүй хүн төрөлхтний соёлын өвийг түүчээлэгч Данзанравжаагийн бүтээл туурвил, ертөнцийг үзэх үзэл, дотоод сэтгэлийн гүн дэх эрчим хүчийг уудлан уншихад уул хүнээс ихээхэн хөдөлмөр, ухаан шаардах тухай эрдэмтэд хэлэлцэнэ. Түүний бүтээл туурвилыг эрдэмтэн мэргэд судлан тогтоохдоо Монголын түүхэнд анхны музейг үндэслэгч, сурган хүмүүжүүлэгч, бурханы шашныг шинэчлэгч, эмэгтэй хүнийг дээдлэх үзэлтэн, нийгэм, шашин төрийн зүтгэлтэн, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, найруулагч, зураач, эм баригч, ая зохиогч, соён гэгээрүүлэгч төдийгүй нэгэн биед багтаж ядам асгарсан их авьяас билэг, нэгэн хүн дааж ядсан өндөр их нэр хүндийн эзэн байсныг тод томруун гаргасан билээ.
Хутагтын зохиол бүтээлийн талаар Монголын нэрт эрдэмтэн, зохиолч Ш.Гаадамба агсан өгүүлэхдээ, миний эрдэм шинжилгээний ажлын удирдагч Г.И.Михайлов багш тавиад оны шувтаргаар надад нэг удаа “XIX зуун манай Орос оронд аугаа их яруу найрагч А.С.Пушкиныг төрүүлсэн бол танай Монгол оронд мөн түүний адил  их найрагч Д.Равжааг төрүүлж өгчээ” хэмээн хэлж байсан гэжээ. Их эрдэмтэн, зохиолч цааш нь хэрэв Италийн шинээр мандах хөгжлийн үеийн аугаа их яруу найрагч Алигери Дантегийн гайхамшигт “Там” найраглалд эртний Грек, Ромын домог үлгэрийн сэтгэлгээний уламжлал тэнгэрийн сургаал ба шинжлэх ухаан, соён гийгүүллийн үзэл санаа ус, сүү хоёрын адил ялгаж салгахын аргагүй хосолсон байдаг бол XIX зууны Монголын их найрагч Лувсанданзан Равжаагийн уран бүтээлд бас бурханы шашны сургаал номлол, хүний үнэн амьдрал, аж байдлыг бодитоор шүүмжлэн үзүүлсэн ер бусын сэтгэлэг дүр зураглал хоёр мөн ялган зааглахуйяа бэрх нэгэн цул хайлш болж нэгдсэн байдаг нь гайхамшигтай хэмээн дүгнэн хэлсэн байдаг.
Д.Равжаа хутагт хүн төрөлхтний гүн ухааны сэтгэлгээний орон зайд өөрийн эрдэм ухаан, бүтээл туурвил, авьяас билгийнхээ хүчээр довтолгон, олон талын гайхамшигт билэг авьяас, төгс гэгээрлийн утга учрыг мэдрүүлж, мөнхөд гэрэлтэх од лугаа улам тод гялалзаж, эдүгээ жаран жарныг элээсээр байна. Тиймээс ч түүний бүтээл туурвилыг ЮНЕСКО дансаллаа.
Равжаа хутагт иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг, 120 гаруй дууны ая дан, 50 орчим сүм хийдийг цогцлоон бүтээж, уран зураг, сийлбэр, жүжиг зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг говь нутагтаа хөгжүүлсэн шашин, түүх, бичиг соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн соён гэгээрүүлэгч байсан төдийгүй эдэлж хэрэглэж байсан зүйлс, үнэт эдлэлүүд нь шашин соёлын томоохон өв болон хадгалагдаж байна. Түүний бага ахуйд ээж нь таалал болж, өнчрөл хагацлын зовлон үзсэн хэдий ч ой ухаан сайтай, хурц сэргэлэн нэгэн тул айлын найр наадамд шүлэг дууг шууд зохион айлдаж, олонд хүндлэгдэн улмаар Ноён хутагтын тавдугаар дүрд өргөмжлөгдөж, Лувсанданзанравжаа хэмээн нэрлэгдэх болсон юм.
Их хутагтын жанч халсны 150 жилийн ойг олон улсын хэмжээнд хүндэтгэн 2006 онд дэлхийн соёлын байгууллага ЮНЕСКО-гоос тэмдэглэн өнгөрүүлсэн бол  Хутагтын мэндэлсний 210 жилийн ойг энэ усан могой жилийн зуны дунд сарын сүүлчээр буюу долдугаар сарын 27-30-ны өдөр Дорноговь аймгийн төв Сайншандад тэмдэглэхээр болжээ. Ойг угтаж эрдэм шинжилгээний ажил, үзэсгэлэн зэрэг төрөл бүрийн ажил зохион байгуулах юм байна.
shuud.mn Х.Аянга

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025