Интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх Монгол Улсын иргэн Т.Аятунгаа өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж хохирогч болоод байгаагаа дуулгасан юм. Түүний таван сартай охин Тэргэлсарыг өнгөрөгч оны 11 сарын 05-ны өдөр эцэг Чарльз Эргэн нь авч явсанаас хойш өдгөө ямар нэгэн сураггүй 106 хоноод байгаа аж. Тэрээр энэ талаар тухайн үедээ Филиппин дахь Монгол Улсын консулын газар холбогдож мэдэгдсэн төдийгүй, тус улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, цагдаагийн газар, эмэгтэйчүүд хүүхдийн эрхийг хамгаалах комисс зэрэг байгуулагуудад хандсан ч тодорхой үр дүнд хүрээгүй гэдгээ хэлсэн юм. Улмаар Т.Аятунгаагийн визний хугацаа дууссан тул Филиппин дахь Монгол Улсын консулын газрын тусламжтайгаар эх орондоо ирээд байгаа аж. Харин эх орондоо ирсэн даруйдаа ХЭҮК, гадаад харилцааны яам, Эрүүгийн цагдаагийн газар зэрэг газруудад хандаад байгаа гэнэ. Тиймээс энэ хэрэг одоогоор мөрдөн байцаалтны шатанд яваа аж. Тиймээс охины эцэг болон өөрийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй хүсээгүй юм. Харин охиныг нь хулгайлсан хэмээгдэж байгаа Чарльз Эргэний талаар тэрээр “Анх Монголд ирээд хийж болох ямар бизнес байгааг судалж явсан тэр үед нь би танилцаж байсан. Тэрнээс биш ямар бизнес хийгээд, ямар үйл ажиллагаа явуулж байсныг би тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрийнх нь яриагаар бол ОУ-ын бизнес эрхэлдэг, ерөнхийдөө хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилдаг гэж байсан. Орон оронд бизнесээ хийдэг. Тухайн орондоо хийж болох ямар бизнес байна, түүндээ хөрөнгө оруулдаг гэж байсан” хэмээх тодорхой бус товчхон хариултыг өгсөн юм. Ямартаа ч Чарльз Эргэний иргэний үнэмлэх дээр “Кitts and nevis” хэмээх орны иргэн хэмээн тэмдэглэгдсэн бөгөөд олон улсын иргэншилтэй хүн гэнэ. Мөн интерполоор эрэн сурвалжилагдаж байгаа гэх мэдээллийг Т.Аятунгаа үгүйсгэж байгаа бөгөөд хэрэв үнэхээр ийм явдал болсон бол охины эцгийн хийж буй ажил, би охиноо алдсан хохирогч болохоос хэвлэлд бичээд байгаа шиг хүн худалдаалж, хар тамхи зардаг хүн биш хэмээсэн юм.
Түүнчлэн хүүхэд хулгайлагдсан байж болзошгүй асуудлыг холбогдох байгууллагууд шалгаж байгаа энэ үед нэр төр, алдар хүндэд халдсан, сэтгэл зүйн дарамтад оруулсан мэдээлэл цацахгүй байхыг Т.Аятунгаа хүссэн юм.
















Сэтгэгдэл байхгүй байна