Шинэ цагийн Монгол хөрөнгөтнүүд хэрхэн яаж хөлжиж баяжсан түүх хэн бүхэнд сонин байх нь лавтай. Аливаа том бизнесийн цаана баг өмсөж, зүсээ хувиргасан төрийн түшээд байдаг нь хачирхаад байх зүйл нэгэнт биш болжээ. Тэдгээрийн заримтай нь танилцъя.
Н.Багабанди ба "МАК"

“МАК”-ын Б.Нямтайширыг “Монгол газар”-ын Ц.Мянганбаяраас баян алтны нууц магнат гэдэг. Бизнес, амжилтынх нь замнал тун ч бүрхэг энэ эрхмийг хойд хөршид уул уурхайн дээд сургууль дүүргэсэн, ҮАБЕГ зэрэг хууль, хүчний байгууллагад ажиллаж байсан, тийм ч учраас Монголын аль өнгөтэй өөдтэй уурхай болгоныг цээжээрээ мэддэг гэх нь бий. Юутай ч Монголын хамгийн том нүүрсний орд болох Нарийнсухайтыг хятадуудтай хамтран эзэмшдэг гэхээр ямархан бэлтэй болохыг нь харж болохоор байгаа юм. Хүү, охин хоёртой энэ нууц ноёнтон одоогоос хэдэн жилийн өмнө ганц охин Н.Цэлмүүнийхээ хуримыг Хэнтий аймгийн Хар ус нуурын хөвөөнд орших Монголд байхгүй тансаг эдлэн харшдаа үлгэрт гардаг лугаа хөлгүй хийж, Монголын толгой баячуудыг цуваа машинаар Хэрлэнгийн хөдөө арал руу аваачсан хийгээд охиндоо хөрөнгө хогшлынхоо 60 хувийг өвлүүлж Монголын №1 өв залгамжлагч тодорлоо гээд манайдаа л урьд хожид дуулдаж байгаагүй эд хөрөнгөтэй холбоотой дуулиан шуугиан ар араасаа хөвөрдөг. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр охин Н.Цэлмүүн нь мөн л урд хөршийн бизнесменүүдтэй хамтран компани байгуулж, бизнест бие даан ханцуй шамалсан аж.
“Нарантуул” худалдааны төвийн цаана уул шиг өндөр хана цайзаар хүрээлүүлсэн, үүдэндээ буутай харуул хамгаалалт бүхий 2 цэрэг 24 цагийн турш нүд цавчилгүй аюулгүй байдлыг нь хангаж байдаг, Хэнтийн Хар ус нуурын хөвөөнд Монголд байтугай Азид ховор хувийн эдлэн харштай гээд хөрөнгө бэлтэй хүний эдлэх ёстой ямба бүхнийг яруу тансагаар амсаж яваа энэ ноёнтны арын албыг даадаг нууц ноёнтон нь экс Ерөнхийлөгч Н.Багабанди гэдгийг олон нийт мэдэхгүй ч хүрээнийхэн нь анддаггүй. Монголын хамгийн хийгүй ерөнхийлөгч, “Титэм үг”-ээрээ сүүлийн үед алдаршаад буй энэ эрхэм ноёнтон “МАК”-ын Б.Нямтайширын замыг засаж, чулууг түүж өгсөнийхөө хариуд шан харамжаар тогтохгүй юм авдаг гэх. Монголын тэргүүн баячуудын нэг Ш.Отгонбилэг агсан, “Монголньюс”-ийн Ц.Балдорж агсан нартай үй зайгүй үерхэж нөхөрлөж явсан экс ерөнхийлөгчийн хамгийн том үүц нь “МАК”, жижиг сажиг саалийн үнээнүүд түүнд чамлахааргүй олон гэдгийг дурдах нь илүүц биз ээ.
Ц.Батбаяр ба "BTV"
Багахангайн гал командын ажилтнаас Баатар хотын захирагч болтлоо суга үсрэн дэвжсэн Нийслэлийн экс дарга Ц.Батбаярыг ард түмэн алиман хацартай, инээд алдсан гэнэн дарга хэмээн өхөөрдөх нь элбэг. Гэм зэмгүй гэнэн цайлган төрхөөр баг хийсэн энэ ноёнтон үүнийхээ ачаар хамгийн их хожсон нэгэн гэгддэг. Анхлан улс төрд хотын фракц гэгддэг М.Энхболдын дэмжлэгтэйгээр гарч ирэн, Багахангай дүүргийн Засаг даргаас хотын мэр болсон тэрээр ёстой сиймхий бүхнийг ашиглан гайгүй сайн хөлжсөн нь үнэн юм. Хотын гэрэлтүүлэг, замын хавтан бүр хог ачдаг машины сүлжээг хүртэл Ц.Батбаяр ноёнтны дүү нар эзэмшдэг. Түүний төрсөн дүү нь “Ганьт“ барилгын компани эзэмшдэг. Газрын наймаанд ёс юм шиг оролцдог хотын үе үеийн удирдлагуудын нэгэн адил гайгүй байрлалтай газар хашаа, байшин хатгаж амжсаны нэг тод жишээ нь “Камертон”-ы Эбагийн “Level” лоунж байрладаг хотын А зэрэглэлийн бүсэд сүндэрлэсэн орон сууц. Үүний зэрэгцээ хамгийн эрсдэлгүйгээр тогтмол орлого орж ирж байдаг нийслэлийн тохижилттой холбоотой бүхнийг жижиг сажиг гэлтгүй өөрийн хүмүүстээ өгсөн нь сэргэлэн, сүйхээг нь илтгэх мэт. Ц.Батбаяр даргын нэг онцлог нь ах, дүүстээ арын албаа даатгадаг. Ямартаа л 5 өрөө тансаг байранд яаж орсныг асуухад манай дүү нар авч өгсөн гэж байсан удаатай. Энэ ноёнтны хамгийн сүүлд босгож бүтээсэн “баялаг” нь В телевиз. Бизнесийн телевиз хэмээн тодотгодог залуу телевизийн эзэн гэдгээ “алимаа дарга” тун ч их нууцалдаг.
“Алтай констракшн” гэж “Эко”-той тун төстэй түүх намтартай барилгын компани бий. Мөн л хотын фракцийн нэг нууц ноёнтон цагтаа Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байсан Цэлмэг хэмээгчийн жолооч хийж яваад толгой барилгын компанийн захирал болсон энэ Х.Бат-Эрдэнэ урлагийнхныг дэмждэг, дэлхийд алдартай үнэ өндөртэй машинуудыг марк адил цуглуулдагаараа алдартай. Тэрээр алдарт “Хадгаламж”-ийн хэрэгт сэрдэгдаж “аав”-ын хаалга татсан түүх ч бий.
Энэ мэт төлөв төвшин төрийн хар хүний төрхөөр баг хийсэн Монголын бизнесийн нууц ноёд ар араасаа хөвөрнө.
Бизнесээс улс төрд хөл тавьсан, хос морьтой эрхмүүд гэвэл бас л үүнээс дутахгүй жагсаалт гарна. Энэ бол байж болох асуудал. Тэд хаа очин нийгмийн хариуцлагаа сайн ухамсарладаг юм шиг санагддаг. Харин дээр дурдсан эрхмүүд бол төр, төсвөөс төрсөн тэрбумтнууд. Бас нэг ижилсэх зүйл нь дээрх компаниуд нийгмийн хариуцлагын тал дээр гараа ч өргөж байгаагүй гэвэл хилсдэхгүй.
Сэтгэгдэл байхгүй байна