Арчаад үл арилах түүхийн хуудас

Туурга тусгаар Монголынхоо төлөө халуун цус,  бүлээн амиа өргөж ирсэн өвөг дээдсийн шаралсан түүхийг дахин сэргээж амилуулсан “Ану хатан” түүхэн уран сайхны дэлгэцийн бүтээл 17-р жарны Баясгалан хэмээх усан Луу жилийн өвлийн адаг сарын Дэлгэрэх одтой шинийн 7-нд мэндлэн төрлөө.

Монгол Улсын түүхэнд хоёр дахь удаагаа бүтээгдэж буй  Монгол үндэстний гайхамшигт эмэгтэй хатны тухай киног зориглон хийхээр зүтгэсэн зохиолч Б.Шүүдэрцэцэг, ерөнхий найруулагч Т.Алтантуяа ахлаачтай “Ану хатан” киноны Мөрөөдлийн баг Монголын шинэ үеийн кино урлагт шинэчлэл хийж эхэллээ.

Манай улс үндэсний хөгжлийн шинэ үе эхэлж буй энэ цаг үед Монгол зон олонд эв нэгдэл, ухаарал, гэгээрлийн хур шимийг буулгаж,  түүхийн сургамжийг сануулан гарч ирж буй энэ киноны эрэлхэг зоригт эх орончдын баатарлаг үйлсийг тод томруунаар амьдруулан үзэгч түмэндээ хүргэж байгаа нь монгол хүн бүрийн тусгаар тогтнолын мэдрэмжийг хурцалж байна.

Үндэстний оюун санааны тусгаар тогтнолыг батлан сахих их хувь тавиланг үүрч буй урлаг, соёлын салбарын гэгээн үйлстнүүдийн хаан зориг, хатан ухаан шингэсэн “Ану хатан” киноны  төслийг зохион байгуулж гүйцэтгэсэн Мөрөөдлийн багийг бусдын адил  дэмжиж ажилласандаа баяртай байна.

Хамаг Монголынхоо төлөө хатгалдан тэмцэж явсан өвгөдийн түүхийг амилуулах тэнгэрийн зарлигийг энэ цагийн өнгөн дээр биелүүлэхээр зүтгэж яваа Хатан Өүлэний халуун цустай Шүүдэрээ, Алтантуяа, Отгоо болон бусад Монгол бүсгүйчүүддээ харамгүй сэтгэлээр туслан хандив өргөж ирсэн “Монполимент” ХХК, “Алтай констракшн”, “Цахилгаан тээвэр” компани , “Монфрэш” групп, “М-Ойл” групп, “Ард даатгал”, “Номин холдинг”, “Дашваанжил” ХХК, “JTSS” ХХК, “Таван богд” групп зэрэг олон компани, байгууллага, хувь хүмүүсийн буян заяа, хишиг нь замбуулинг дүүргэн түгэх болтугай хэмээх залбирал шингэсэн ерөөлийн цэнхэр хадгыг хамтран ажилласан ахан дүүсдээ өргөн барьж байна.  

Монгол угсаатан дахин сэргэн мандах их мянганы босгон дээр эх түүхээ сэргээн амилуулах хүсэл тэмүүллээр жигүүрлэсэн залуусын ажлыг хуучнаар Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны зүгээс хөрөнгө санхүүгээр дэмжиж ажиллаагүй гэсэн харамсалтай мэдээг сонсоод үндэсний язгуур эрх ашгийн эрэмбийг мэдрэх чадваргүй, алсын хараа, холч ухаангүй хүмүүс Монголын төрд байгаа юм байна гэж гутран сууж байснаа юунаас нуух билээ.

Энэхүү түүхэн киног бүтээх хөрөнгө мөнгийг босгох ажил амар байгаагүй нь ойлгомжтой бөгөөд зорилгодоо хүрэхээр оюун санаа, хүч чадлаа хөвчилсөн залууст хандив өгөх халуун сэтгэлтэн олон байхад харамын сэтгэлээ нүүрэн дээр наасан хүйтэн царайтнуудтай тааралдаж байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Эх түүхээ сэргээж, эрч хүчтэй өвөг дээдсээрээ бахархан омогших Монгол хүний сэтгэлийн галыг асаах тэнгэрийн дуудлага, Тусгаар Монголын тулгын чулууг бөхлөх төрийн бодлого, дэмжлэг, хөрөнгө мөнгөөр 1980 онуудад бүтээгдсэн “Мандухай Цэцэн Хатан”, “Мөнх Тэнгэрийн Хүчин Дор” зэрэг кинонууд 1990 оны Цагаан Морин жилийн Үндэсний Ардчилсан хувьсгал өрнөж, ялах оюун санааны том түлхэлт өгснийг хүн бүхэн мэдэх билээ. Харин өнөөдөр төр засгийн дэмжлэг хомс, түмэн олны өглөг буянаар бүтээгдсэн  “Ану хатан” кино нь үндэсний эв нэгдлээ эрхэмлэн хөгжлийн төлөө эрслэн босох шинэ Монголчуудын оюун санаанд сүүн зам татуулан, сэргэн мандалтын шинэ үзэл санаа, итгэл үнэмшлийг суулган өгч байна.

Мөн Монгол үндэстний хошууд аймгийн түүхийг сэргээн судлах ажлын далайц, ач холбогдолыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг тэмдэглэн хэлэх хэрэгтэй.

Монголын шинэ үеийн кино урлагт тэсрэлт хийж эхлээд байгаа энэ киноны зохиол, найруулга, зураг авалт, жүжигчдийн ур чадвар, жүжиглэлт нь сүүлийн 20-н жил нэр хүнд нь унаж эхэлсэн Монголын кино урлагыг дахин өндийн босгоход  үнэлж баршгүй хувь нэмэр оруулахын ялдамд телевизийн савангийн дуурьд алдсан үзэгчдээ эргүүлэн кино театруудад суулгах эхлэлийг тавилаа.

Түүхэн үйл явдлын хэлхээсийг бүсгүй хүний уран ухаанаар шаглан хөглөж ахмад, дунд, залуу үеийн жүжигчдийн халуун сэтгэл, зүтгэлийг шингээж,  мэргэжлийн ур чадварыг бахдамаар тод гаргасан алтан агшнуудыг үзэгч олондоо мэдрүүлж байна.

Түмний сэтгэл татсан энэ кинонд төр засгийн зүгээс хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлсэн бол Холливудын супер кинонуудын түвшинд хийж чадах чадвар чадамж бидний ахан дүүст байгааг батлан харуулж нотолсныг манай эх оронч улс төрчид таалан соёорхоно гэдэгт эргэлзэхгүй байна.

Цаг хугацааны уртад алслан одох ихэсийн шивнээг зүрхэнд мэдэрч зүүдэндээ сонсож эрч хүчээр цэнэглэгдсэн золбоо хийморьлог зохиолч Б.Шүүдэрцэцэг,  найруулагч Т.Алтантуяа, зураглаач Д.Ангараг, ерөнхий зураглаач Ж.Цог Ану хатны дүрд тоглосон дуучин Д.Отгонжаргал, Галдан ханы  дүрд тоглосон  дуучин М.Мягмаржав болон бусад уран бүтээлчдэд баярлалаа.

Үзэгчийн суудалд суусан нэгэн бээр миний бие нь түүхэн киноныхоо үйл явдалд уусан орж, тулаан тэмцлийн тэр хүнд цаг үед би яагаад оролцож чадсангүй вэ? хэмээх харууслыг сэтгэл зүрхэндээ тээж, гэмшихийн ялдамд,  харамсал хагацал цөхрөлийн гашуун нулимс, хайр, баярын халуун нулимсаа хамтдаа хуваалцсаар киног дуусгасан билээ.

Хатан зоригт өвөг дээдсээрээ бахархан омогших сэтгэлийн дөлийг бадраасан “Ану хатан” киног Монгол цусан буцалсан хүн бүр үзэхийг уриалж байна.

Харь  сэтгэлтэнд хадаг барьж  өвдөг сөгдөөгүй Чингисийн хөх цэргийн хойчис
Хар манжтай  хатгалдан тэмцэж хавиралдан тулалдсан уулын зоригт эрс
Хамаг монголынхоо төлөө халуун  цусаа  өргөсөн түүхийн баатрууд
Хан хэнтийдээ харьж  ирээгүй тэнгэрийн үрсийн гэгээн дурсгал үеийн үед мөнхжин бадрах болтугай.

                          “Цахилгаан тээвэр” компанийн захирал.Д.Жаргалсайхан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • ene xer kino bolson bol oo
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • anu
    uneheer gaihaltai hatan shu
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • yasan gej demjleg uguh yum ter yambur bichih yum n olddoggui yumuuhaashaa yumYamar muu kino bolohig n medej bgaa bolood hurungu hayagui yumene tegeed mundag kino yuu
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • 455
    Харь сэтгэлтэнд хадаг барьж өвдөг сөгдөөгүй Чингисийн хөх цэргийн хойчис ãýíýý Ýíý Ãàëäàí áîøèãòÀíó õàòàí õî¸ð ×èíãèñ õààíä ÿìàð õàìààòàé þì áýÆààõàí ÷ ãýñýí ò¿¿õ ð¿¿ õàíäàæ áàéë äàà×èíãèñ õààíû óäàì óãñààã äîðîéòóóëàí äîîøëóóäñàíä íü èõ òóñ õ¿ðãýñýíèéõ íü òºëººìàãòàæ õéèñýí êèíî þìóó
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • Харин ч сайхан бүтээл болцын биш үү
    2013 оны 01 сарын 22 | Хариулах
  • мэргэжлийн жүжигчид нь шаал хөгийн царайтайшт
    2013 оны 01 сарын 22 | Хариулах
  • galdan
    энэ дээр бичсэн шиг тийм сайхан бүтээл болж чадаагүй нь туйлын үнэн нэг удаа үзээд л мартагдах бүтээл болсон байнал э ану хатангийн дүр сайн болсонгүй мэрэгжлийн жүжигчин тоголсон бол дээр байсан ерөөсөө л нэг л сулхан бүтээл болсон байсан шүү
    2013 оны 01 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025