Г.Өсөхбаяр: Бүх зүг нь урагшаа болно

Монгол хүн сансарт ниссэн
Монгол хүн олимпийн аварга болсон
Монгол хүн Эверестийн оргилд хүрсэн
Монгол хүн өмнөд туйлд очсон
Тэгвэл одоо Монгол хүн Хойд туйл буюу Дэлхийн зулайд очихоор аялалаа эхлэх гэж буй сайхан мэдээг дөнгөж сая бидэнд дуулгалаа.
 МУГТ, уулын спортын ОУХМ, дэлхийн дээвэр Эверестийн оргилд хүрсэн анхны монгол уулчин Г.Өсөхбаяр Хойд туйлыг зорин аялах гэж байгаа аж. Энэ талаар гавьяат Г.Өсөхбаяраас дараах тодруулгыг авлаа.

Аялалынхаа талаар тодруулаач. Өмнө нь хойд туйлд хэр олон нь хүрч байсан бол?
Энэ удаагийнх хүнд аялалуудын тоонд орно. Эверестэд одоогоор 1956 оноос хойш 3400-гаад хүн гарсан гэж бүртгэгдсэн байдаг. Дэлхийн хамгийн хүнд авиралттай ууланд “Ка-2” гээд уул ордог. Энд 280 гаруй хүн гарсан байдаг. Өмнөд туйлд болохоор 300-гаад  хүн очсон юм байна лээ. Харин энэ удаад миний очих хойд туйлд одоогийн байдлаар 208 хүн гарсан гэх мэдээллэл ирээд байна. Эндээс үзэхэд нилээн хүнд, хэцүү аялалын тоонд орох болов уу. Ямартай ч хойд туйлын 90 градуст Монгол улсынхаа төрийн далбааг мандуулах гол зорилгоо биелүүлэхийн төлөө явна.
Ер нь хойд туйлд очих төлөвлөгөөтэй байсан уу. Бэлтгэл сургуулилт гээд цаг хугацааны хувьд?
Эртнээс явах төлөвлөгөөтэй байсан. Тийм болохоор биеэ бэлдэх ч юм уу, хүйтэн уур амьсгалд өөрийгөө дасгаж багагүй туршлага  хуримтлуулсан гэж бодож байна. Ер нь манай улс эрс тэс уур амьсгалтай болохоор харьцангуй гайгүй болов уу.
Аялалын хувьд ямар баг бүрэлдэхүүнтэй явах вэ?
ОУ-ын баг байгаа. Улс улсаас нэг хүн явна. Яг одоогоор хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, аль улсын аялагчид явахыг мэдэгдээгүй байна.
Аялалдаа хэзээ гарах, мөн хэд хоног аялах юм бол?
Ирэх дөрөвдүгээр сард явна. Хойд туйлын 89-р өргөрөгөөс 90 градус хүртэл 14 хоног аялахаар төлөвлөөд байгаа. Нийт туулах зам болохоор 110 км. Гэхдээ аялалын явцад цас шуурга ч юм уу, байгалийн нөхцөл байдлаас шалтгаалж удаашрахыг үгүйсгэх аргагүй.  
Таныг өмнө нь дэлхийн дээвэр болсон Эверестийн ноён оргилд хүрсэн анхны монгол уулчин гэдгийг манай уншигчид сайн мэднэ. Тэгэхээр энэ удаагийн аялалын онцлог юу байх бол?
Мэдээж онцлог зүйл болон ялгаа их байгаа. Эверестийн оргил шовх бол хойд туйл хавтгай байх болов уу. Хойд туйлын 90 градусын цэг дээр зогсоход дөрвөн зүг гэж байхгүй байна. Бүх зүг нь урагшаа болно гээд онцлог зүйл их. Мөн цаг агаарын хувьд ерөнхийдөө (-38)-(-45) градус байх төлөвтэй байгаа.


Энэ дашрамд хойд мөсөн далайг туулж, дэлхийн бөмбөрцөгийн хамгийн хойд цэг болох Хойд өргөрөгийн 90 градуст хүрэх түүхэн аялал, цэнхэр гаригийн цаст зулайд Монгол хүн хөл тавих анхны аялалыг МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан бол ерөнхий зохион байгуулагчаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Спортын бэлтгэлийн төв ажиллаж байгааг дуулгая.  
 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025