Америкийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвөөс тогтоосноо өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт хандсан өвчтнүүдийн 5.6 хувь нь ханиад, томуугийн улмаас эмчид үзүүлсэн гэх судалгаа гарчээ.АНУ-ын Бостон хотод өнгөрсөн сард дэгдсэн “H3N2” вирусээр үүсгэгдсэн томуугаар өвчлөгсдийн тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотой эрүүл мэндийн онц байдал зарлаад байна. Албаныхны мэдээлснээр энэхүү томуугаар өндөр настан болон бага насны хүүхдүүд өвчлөх магадлал ихтэй байгаа юм.
Томуугийн дэгдэлт өнгөрсөн жилийнхээс 10 дахин хурдацтай тархаж байгаа аж. Тиймээс маргаашнаас иргэдийг томуугийн эсрэг вакцинд үнэгүй хамруулахаар болсон тухай хотын дарга мэдэгдсэн байна.
АНУ-ын эрүүл мэндийн албаныхны мэдээлж байгаагаар томуугийн дэгдэлт ирэх дөрөвдүгээр сарыг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ. Энэ нь ханиад, томуугаар өвчлөгсдийн тоо өнгөрсөн сарынхаас 2.8 хувиар өссөн гэсэн үзүүлэлт юм байна.
Түүнчлэн тус төвийн мэргэжилтнүүд томуугаар голдуу таваас доош, 65-с дээш насны болон астма, зүрхний шигдээс зэрэг архаг хууч өвчтэй хүмүүс өвчилж буйг судалж тогтоожээ. АНУ-ын эрүүл мэндийн албаныхны мэдээснээр Америкт ханиад, томуугийн улмаас жилд 50 мянга хүртэлх нас бардаг бөгөөд ихэнх нь өндөр настан болон бага насны хүүхдүүд байдаг гэсэн судалгаа байдаг аж.
Мөн Хойд Каролина мужид мөн томуугийн дэгдэлт өндөр байгаа аж. Одоогоор томуугийн улмаас 14 хүн нас бараад байгаа юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна