ТВ5 телевизийн 10 жилийн ойд зориулан явуулсан “Ододтой бүжиглэе-3” шоу тун ч амжилттай болж өндөрлөлөө. Дуучин, жүжигчин, загвар өмсөгч, мисс, уран нугараач гээд урлагийн бүх салбарын төлөөлөгч өрсөлдсөн энэ удаагийн шоу нэвтрүүлэгээс үзэх юм ихтэй, ярих сонин ч арвинтай байсан гэдэгт итгэж байна. Эн тэнцүүхэн өрсөлдөөн дундаас, шүүгчдийн оноо, үзэгчдээс авсан мессеж саналаар УДЭТ-ын жүжигчин МУСТА Г.Отгонцэцэг “Ододтой бүжиглэе-3” шоуны ялагч болж цомын эзэн, таван сая төгрөг, Арабын Дубай хотоор аялах эрхийн эзэн болсон. Шоуны дэд байрын шагналыг МУСТА, Уран нугараач Э.Лхагва-Очир хүртсэн боловч гадаадад тоглолттоор явсан тул хараахан ирж амжаагүй юм. Шоуны турш үзэгчдийн сонирхолыг хамгийн ихээр татаж, тэдний анхаарлын төвд байж чадсан дуучин Ноён Бондгор “Олны таашаалд нийцсэн бүжигчин” номинацын эзэн болсон. Мөн жүжигчин хүний эрч хүч, ур ухаанаар олон сайхан зохиомж үзүүлж, бүжгийн урлагийн гайхамшигийг эд эс бүхнээрээ мэдэрсэн гэх Маск продакшны жүжигчин МУСТА Ц.Ганзориг “Эрч хүчтэй бүжигчин” болсон. Нийтийн дуучдыг төлөөлөн оролцсон МУСТА, дуучин Б.Болдбаатар “Шилдэг стандарт бүжигчин”, AneMone хамтлагийн дуучин Жаанаа “Шилдэг латин бүжигчин”, шоуны турш хил зөрчсөн бүсгүй, дэггүй жаахан охин, дэгжин цэвэрлэгч болон хувирч байсан Азийн модель агентлагийн тэргүүн, Мисс Ч.Содтуяа “Шилдэг үзүүлбэр” номинацын эзэн болсон. Энэ удаагийн шоуны бүх оролцогчид Хөх хотоор аялах эрхтэй болсон. “Ододтой бүжиглэе” шоуны гуравдахь дугаарын оролцогчид хоорондоо тун ч эвсэг, найрсаг нэг хамт олон болж чадсан гэдгээ хэлж байсан үүнийгээ ч бататгаж 10а гэсэн нэрийг өөрсөддөө өгчээ. Бие биенээ дэмжиж, хамтарч бидний нэвтрүүлгийг сонирхолтой болгож, телевизийн маань 10 жилд болон үзэгчдэд маань бэлэг барьсан бүх оролцогчиддоо баярлалаа. Урлагийн тэнгэрт ямагт од болон гялалзаж яваарай.
Сэтгэгдэл байхгүй байна