УИХ-ын гишүүнээр тангараг өргөсөн Д.Арвин Монгол Ардын намын гишүүнчлэлээс татгалзаж өргөдөлөө өгсөн талаарх мэдээлэл олон нийтэд ил болоод байсан билээ. Харин МАН-ын намаас албан ёсоор гарч АН-д элсэж байгаагаа дөнгөж сая МҮОНТ-ээр дамжуулан мэдэгдсэн юм. УИХ-ын гишүүн Д.Арвин тайлбарлахдаа “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд барууны үзэлтэй нам, зүүний үзэл баримтлалтай намууд нэг Засгийн газарт хамтарч ажилласан. Энэ хугацаанд намуудын хооронд үзэл баримтлал, онолын зөрчил гараагүй. Тийм учраас Монголд барууны үзэл, зүүний үзэл хэт давамгайлахгүйгээр, энэ хоёр үзэл баримтлалын дундуур байж болно, үзэл баримтлалын хувьд зөрчилдөх зүйлгүй гэж би бодож байна.
Би МАН-ыг ядарсан үед нь орхиогүй, задарсан үед нь гарч байна гэж ойлгож байгаа. Манай нам задарсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Би 1990-ээд оны үед тухайн үеийн МАХН-д элсч, ямар ч гишүүнгүй хүнд үед нь бусад нөхдийнхөө адил түрийвчээ бариад очиж байсан. Оюун ухаанаа зориулж, өдөр шөнөгүй ажиллаж байсан. Ингээд манай нам удалгүй хүчирхэгжиж, эдийн засгийн хувьд ч хүчтэй нам болсон. Ийм үедээ манай намын удирдлагууд /Би жирийн гишүүдийг хэлээгүй шүү/, хэдхэн тооны хүмүүс биеэ тоож, гишүүдээ үл тоомсорлон, МАХН-ын нэрийг өөрчилсөн. Ингээд МАХН чадалтай, хүчтэй үедээ задарсан. Би одоо задарсан үед нь намаасаа явж байна.
Хоёрдугаарт, манай намынхан өөрсдийгөө удирдаж байсан үе үеийн удирдлага, дарга нараа үргэлж хэлмэгдүүлсэн. Тухайлбал, Ю.Цэдэнбал даргыг тухайн үеийн намын удирдлагууд байсан хүмүүс намаас нь хөөж, хэлмэгдүүлэн, өмч хөрөнгийг нь хурааж байсан. Ж.Батмөнх даргыг ч бас гудамжинд гаргаж, тэрээр сэтгэл санааны маш хүнд байдал, дарамтад байж байгаад өнгөрсөн. Хамгийн сүүлд Н.Энхбаяр даргыг хүнд байдалд оруулсанд олон жил энэ намын гишүүн байсны хувьд маш их харамсаж байгаагаа өчлөө.
Энэ мэт байдал, сөрөг хандлага надад ч бас төрсөн, илэрсэн учраас би МАН-ын гишүүнчлэлээс татгалзах шийдвэр гаргасан” билээ хэмээн тодорхой тайлбар өгч Ардчилал намын гишүүн нэгээр нэмэгдлээ.
Сэтгэгдэл байхгүй байна