Хаа очиж хэрүүл уруул, хов жив хөөцөлдөөд байдаггүй бөхчүүд маань сүүлийн хэд хоног хөл хөдөлгөөнд орж, хэл амаа хурцлах болсон.Аварга А.Сүхбат зүлэг ногоон дэвжээгээ гунигийн нулимс асгаруулан орхисон тэр үеэс Монголд бөхөд хачиг шиг наалдсан цолны найраа байдгийг бид гадарласан. Гэхдээ өнөөдрийнх шиг МҮБХ-ны удирдлага, аав хүү, ах дүү хамаатан саднуудын хооронд энэ наймаа явагдаж, дарамт шахалтаас эхлээд ил далд олон луйвар өрнөдгийг хэн мэдэх билээ. Тиймээс “Чилийсэн палийсан” хэмээх хятад эм хүртсэнийхээ төлөө “допин”-гийн хэрэгт татагдаад байгаа Х.Мөнхбаатар арслангийн ачаар Р.Нямдорж тэргүүний нууцхан бизнесийг ухаарсан олон толгой сэгсэрч суугаа нь ойлгомжтой. Анх зургаан хүн хувиасаа зуу зуун төгрөг нийлүүлэн байгуулсан гэх Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр 22 жил завсаргүй заларч суугаа Р.Нямдоржийг эр зориг гарган АТГ-ын үүдийг сахиулсан арсландаа талархах хэрэгтэй болж байх шиг. Гэхдээ ганц Х.Мөнхбаатарын хэлсэн үгэнд Р.Нямдорж хэмээх энэ найраачин эрийг, ялагдахыг нь хүлээнэ гэвэл бидний нас хүрэхгүй биз. Учир нь дархан аварга Х.Баянмөнх, улсын заан Ж.Ганболд, улсын начин Ц.Дуламсүрэн тэргүүтнүүд Р.Нямдоржийг суудлаас нь суга татаж, Монгол бөхийн өргөөнд хяналт тогтоох гэж 20 жил тэмцэлдээд хүчин мөхөсдсөн юм. Тийм болохоор л энэ хэрэг одоо нам жим болоод байна. Яагаад ярихгүй, хөндөхгүй, шүүхгүй байгаа нь хачирхалтай.
Сэтгэгдэл байхгүй байна