
Одоогоос дөрвөн жилийн тэртээгээс Монголын язгуур урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвихын зэрэгцээ өөрийн бие даасан тоглолтоо хүртэл хийгээд амжсан “Шуранхай”-н Д.Үүрийнтуяаг мэдэхгүй, танихгүй хүн байхгүй. Тэрээр давтагдашгүй хоолой, боловсон төрх, залуу насаараа урлагийн тайзанд өөрийн орон зайгаа дархалсан, уртын дуучин МУСТА Д.Жавхаасайхантай оюутны ширээнээ танилцан дотноссон билээ. Үндэсний урлаг хийгээд ариун хайраар холбогдсон хосууд өдгөө Ж.Анударь, Ж.Сайханбилэг гэх хоёр хөөрхөн хүү, охинтой. Харин үндэсний сонгодог урлагт хос морьтой яваа залуус маань Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн эхэн сарын шинийн нэгний дашнямтай билэгт сайн өдөр гал голомтоо бадрааж албан ёсоор гэрлэлтээ батлуулж, монголын аз жаргалтай гэр бүлийн тоог нэгээр нэмсэн сайхан мэдээг дуулгаж байна. Тэд монгол дээл хуримын даашинз зэхэж, монгол ёс заншилын дагуу хуримын ордонд гэрлэлтээ батлуулж, Гандантэгчилэн хийддээ мөргөн залбирч, "Сөүл" ресторанд хүндэлж явдаг багш, анд найзууд, уран бүтээлийг нь дэмжин тусладаг байгууллага, ойр дотны гэсэн бүх л хүмүүстэйгээ амьдралынхаа мартагдашгүй нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм. Хурим найрын жаврыг Өврийн сайхан хангайгаар овоглож, өвөрмөц найруулга бүхий “Эр бор харцага” дуугаараа олонд танигдсан уртын дуучин Д.Жавхаасайханы төрсөн ах Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан есөн морин хуурч, есөн эрэгтэй уртын дууч хаан төрийн бэлэгдэл “Эртний сайхан” дуугаар үргээсэн. Мөн хуримын цайллагад Улсын филармонийн уран бүтээлчид болон “Voice” групп ая дуугаа өргөж, “Нюанс” хамтлаг мэндчилгээ дэвшүүлэн дуулсан нь аргагүй л урлагаас мэндэлсэн хосуудын хурим нүсэр болж, урлагийн бүхэл бүтэн концерт "Сөүл" ресторанд эгшиглэж, уригдан ирсэн зочдыг алмайруулж байлаа. Харин ардын богино болон уртын дууг хослон, хоршин дуулдаг хосын хуримын гоёл нь үндэсний уламжлалт хаан, хатан сүйх бүхий бриллиантан шигтгээтэй цагаан алтан бөгж байсан бол сүйт бүсгүйн гоёл эмэгтэй хүний эрүүл мэнд, гоо үзэсгэлэнг илтгэдэг японы “misaki” сувдан хослол, тансаг зэрэглэлийн даашинз байлаа. Түүнчлэн сүйт залуу “ramsey” брэндийн хослолоор гоёсон нь тэд найрандаа ихээхэн ач холбогдол өгч, багагүй мөнгө цацсан нь харагдаж байв. Харин хаанаас нь ч харсан зүс царай, нуруу туруу сайтай авьяаслаг хосуудын хуримын хамгийн том бэлэг болгон уртын дуучин Д.Жавхаасайханы “Эр бор харцага” цомгийг ивээн тэтгэсэн нутгийн ах “Himon” констакшны захирал Ш.Энхтөр хоёр өрөө байрны түлхүүр гардуулсан явдал байлаа. Ямартаа ч Монголын өрх гэр, аз жаргалтай хосуудын тоог нэгээр нэмсэн урлагийн хосууддаа болон хоёр хөөрхөн хүүхдэд нь аз жаргал хүсье.

















Сэтгэгдэл байхгүй байна