Ч.Улаан улалзаж эхлэв

МАХН хамтарсан Засгийн газраас гарна гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Гэвч тус намын зарим эрхмүүд одооноос хааяагаа манаж эхлэв. Тухайлбал сангийн сайд Ч.Улаан саяхан өгсөн нэг ярилцлагадаа өмнөх долоо хоногт хэлж, ярьж байснаасаа тэс өөр юм дурьдаад өнгөрөв. “Нөхцөл байдал өдөр, цагаар өөрчлөгдөж байна. Засгаас гарах мэдэгдэл хийж байхад ямар байдалтай байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Нам гэдэг хамт олны нэгдмэл организм. Олонх нь шударга бус байгаад бухимдалтай байсан учир тийм мэдэгдэл гаргаж байсан. Хэрэв энэ явдлыг таслан зогсоохгүй бол бид засгаас гарахаас өөр арга алга л гэсэн. Гэхдээ гарна гэж хэлсэн нь эцсийн шийдвэр болохгүй. Эвслийн Удирдах зөвлөл асуудлыг шийдэх ёстой шүү дээ. Энэ талаар Удирдах зөвлөл хуралдаагүй байна. Хоёрдугаарт, өнгөрсөн хугацаанд байдал өөрчлөгдлөө. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн шийдвэр гарч, хэдийгээр манай даргад ял оноосон ч яллаж байсан дөрвөн зүйл заалтынх нь хоёрыг хүчингүй болгосон. Дээд шүүх үнэн зөв шударга ёсны төлөө алхам хийлээ. Тиймээс бид энэ байдлыг харж байгаа. Байдал зөв тал руугаа явж байна. Удахгүй бид Дээд шүүхийн зөвлөлд хандана. Энэ хугацаанд хууль хяналтын байгууллагынхан шударга үнэний талд шийдвэрээ гаргана гэдэгт итгэж байна. Энэ бүхнийг хүлээх ёстой” хэмээсэн юм. Тэгэхээр Ч.Улаан сайд өнгөрсөн долоо хоногт их ууртай байсан бол энэ долоо хоногт тайван байгаа бололтой. Ямартаа ч түүний болон МАХН-ын зан байдлаас шалтгаалж төрийн ажил хамаарч байх бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025