Хүүхдийн эрхийг хувиараа хамгаалъя

Шил даран ил болж буй хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн гэмт хэргүүд ард иргэдийг 12-р сарын 21-ний дуулианаас ч илүү цочирдуулж байгаа билээ. Тэднийг энд дахин тайлбарлах илүүц биз. Ард иргэдийн шууд төлөөлөл болох төр түүний үйлчилгээний байгууллагууд  бичиг цаасандаа дарагдан, хүнд сурталд автаж Үндсэн хуулинд заасан хүний наад захын амьд явах, хамгаалуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах зэрэг эрхийг хангах үүргээ умартсаныг эдгээр хэрэг бэлхнээ нотолж байгаа юм.

Төрийн байгууллагууд эрх нь зөрчигдсөн, эмзэг бүлгийн, нийгмийн халамж  зайлшгүй шаардлагатай хүүхдийн талаар иргэдийн мэдээллийг хүлээж авсан хэрнээ бодит арга хэмжээ авалгүй олон сараар удаашруулж, байгууллага хоорондоо “бөмбөг мэт шидэлцдэг” тухай иргэний журамт үүргээ дээрх байдлаар илэрхийлсэн иргэд баримттай хэлдэг. 

Тэгвэл амьдарч буй нийгэмдээ гэрэл нэмэх хүсэлтэй залуус интернетээр дамжуулан нийгмийн халамжийн үйл ажиллагааг өөрсдийнхөө хэмжээнд зохион байгуулах болжээ. Тэдний томоохон төлөөлөл нь Фэйсбүүк хуудас дахь залуу эхчүүд, бүсгүйчүүдийн Sweet Kitchen, Mommy Central бүлгүүд бөгөөд нэгхэн жилийн дотор эх хүүхдэд чиглэсэн олон хандив, тусламжийн ажиллагааг амжилттай зохион байгуулж, үр дүнд хүрчээ.

Өчигдөр буюу бямба гарагт бүсгүйчүүдийн төлөөлөл 10 гаруй иргэн ХУД-ын Био комбинат, Морингийн давааны хогийн цэгт хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдтэй уулзаж, халуун хоол цайгаар дайлж, дулаан хувцас бэлэглэх халуун сэтгэлийн ажил өрнүүлжээ. Жавар тачигнаж, хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд 30 гаруй хүүхэд тоглоом барьж, үзэг эвлүүлэх ёстой бяцхан гараараа хог түүж байгаад харамсч байгаагаа ээжүүд илэрхийллээ.

Хэдийгээр энэ нь нэг удаагийн арга хэмжээ боловч хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ, амьдрах нөхцөл зэргээс эхлээд орхигдуулсан ажлаа эргэн харж, нэг удаа ч болов дулаан оффисоосоо гарч хотын захын дүүргүүд, хогийн цэг дээр очиж бодит байдалтай танилцаасай гэдэг мессежийг цахим ертөнцөөр дамжуулан хүүхдийн эрхийг хамгаалагчид, холбогдох эздийн сонорт хүргэхийг залуу эмэгтэйчүүд зорьсон байна.

  Та бүхэн бямба гарагийн үйл ажиллагаатай холбоотой видеог доорх линкээр хүлээн авна уу.

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=6wRze_eWbaY


Тайлбар: Сэтгэлийн бэлэг. Хоёр хүүхэдтэй ээжийн хүүхдүүдэд бэлдсэн амттан.

Тайлбар: Асуулт. Нийслэлийн нэг хэсэг иргэд хогийн цэг дээр амьдарч байгааг "том" дарга нар мэддэг болов уу?


Тайлбар: Хүч тэнцвэргүй тулаан. Хэн түрүүлсэн нь хожно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025