
Одоогоос дөрвөн жилийн тэртээ 2008 оны хулгана жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд зориулсан хүчит бөхийн барилдаанд нэгэн залуу бөх уран хурц басхүү дайчин барилдаанаараа үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж билээ. Гарьд М.Баяржавхлан, улсын заан Д.Бумбаяр нарыг өвдөг шороодуулж дөрвийн давааны оноолтод аварга Д.Сумъяазарт тахим өгсөн тэр залууг Бадрахын Ганзориг гэдэг. Тухайн үедээ “Шонхор” сургуулийн оюутан хүү А.Сүхбат аваргаас "Ирээдүйн бөхийн аварга" шагналыг гардаж олон түмэнд анх танигдсан гэх үү дээ. Тэр жилээ аймгийнхаа баяр наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртэж гурван жилийн дараа Эрдэнэтийн 35 жилийн ойгоор цолоо баталсан хүчтэн. Түүгээр ч барахгүй 2011 оны намар болсон Гиннесийн барилдаанд хоёр аймгийн цолтон бужигнуулахад нэг нь Б.Ганзориг байлаа. Олимпийн аварга, аймгийн арслан Н.Түвшинбаяр, аймгийн заан Б.Ганзориг нар улс аймгийн шилдэг цолтнуудыг өвдөглүүлсээр шөвгөрсөн нь түүхэнд тодоор бичигдсэн. Ц.Чимэддорж, шинэхэн гарьд Ж.Бат-Эрдэнэ нарыг орхиж 6016 бөхөөс 12-т шалгараад арвын даваанд аварга С.Мөнхбатад тахим өгсөн бил үү дээ. Үнэхээр сайн барилдсан гэдгийг манай бөхийн хорхойтнууд санаж байгаа байх. Харин аймгийн заан Б.Ганзориг маань өнгөрсөн хавар болсон Цэргийн цол, чимэг олгох Бүх цэргийн наадманд учраа бөхчүүдээ уран, дархан мэхээрээ өвдөглүүлэн түрүүлж “Цэргийн арслан” цолтой зодоглох болсон. Өчигдөр л гэхэд Бүгд найрамдах улсыг тунхагласны 88 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаанд амжилттай барилдаж шөвгөрсөн. Увс аймгийн Тэс сумын харьяат “Увс нуур” дэвжээний бөх цэргийн арслан Б.Ганзориг энэ удаагийн барилдаанд дөрвийн даваанд улсын начин П.Ганхүүг, тавд улсын заан Б.Соронзонболдыг, зургаагийн даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нарыг өвдөг шороодуулж, шөвгийн дөрөвт П.Бүрэнтөгс арсланд тахим өгсөн юм.



Сэтгэгдэл байхгүй байна