
Монголын олимпийн боксын холбооны Удирдах зөвлөлийн хурал өчигдөр орой болж өнгөрлөө. Тус хорооныхон өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа дүгнэж, Лондонгийн олимпод үзүүлсэн боксчдын амжилт, ирэх жилүүдэд хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө хэлэлцсэн ярилцсан юм. Үүнд холбооны Удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн дөрвөн жилд нөөц бололцоогоо ашиглаж, сайн ажилласан гэж дүгнэсэн байна. Удирдах зөвлөлийн хурлын үеэр Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг, дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх нар өөрсдийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч шинээр орон тооны хүмүүсээ удирдах ажилд нь томилсон юм. Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн О.Содбилэг, ирэх жилүүдэд МОБХ-г удирдахаар болсон юм. 
Харин холбооны бүхий л ажлыг нугалах учиртай ерөнхий нарийн бичгийн даргаар Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба ажиллахаар сонгогджээ. Түүний хувьд ийнхүү сонгуульт ажилд томилогдсоноор тамирчны хувьд их спортын замналаа өндөрлүүлж, боксын спортыг хөгжүүлэх үйлст хүчин зүтгэхээр болоод байна. Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг багшийнхаа орийг ийн залгаж байгаа нь багш шавийн хувьд талархууштай, мөн бахархалтай гэмээр. Энэ намар Бээжингийн олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, П.сэрдамба нар багшдаа хүндэтгэл үзүүлж цолныхон найрыг зохион байгуулж хийсэн билээ. Тэгвэл тун удалгүй багш шавь хоёр нэгэн зэрэг зодог тайлж байна.
Сэтгэгдэл байхгүй байна