
Одоогоос 12 жилийн тэртээ үе үеийн Монгол хүчтнүүдийн залгамж халаа болон Арлын орны үндэсний бөхийн дэвжээг зорьсон Э.Санчирболд хэмээх энэ хүчтэн хэвлэлд төдийлөн ам нээгээд байдаггүй. Хар багын л барилдаж ноцолдох хоббитой тэрээр мэргэжлийн сумод шат ахин барилдсаар дээд зиндаанд хүртэл амжилт гаргасан. Зан ааш, барилдааны ур мэхээрээ Хакухотой тун ч ижил, шийртэй, буурьтай сумоч гэгддэг энэ эгэл даруу, эршүүд гүдэс эр Япон дахь монгол сумочдын ертөнцөд буурь суурьтай, эр хүний ноён нуруугаараа үлгэр жишээ болдог гэнэ лээ. Гүдэс даруухан их хүчтэн маань С.Золжаргал хэмээх хуульч гэргийтэй. Тэртээ дөрвөн жилийн өмнө хуримаа хийж, гал голомтоо бадраасан хосууд нэг хүүхэдтэй. Тэднийг хуримлаж байх үед Харумафүжи Д.Бямбадорж хуульч гэргийтэй боллоо хэмээн хэвлэлүүд шуугиж байсан нь үнэндээ эндүүрэл байсан бөгөөд тэрхүү хуульч гэргий нь Э.Санчирболдынх. Хаа газрын дээдсүүд олноороо хошуурдаг “элит” спорт гэгддэг гольфод нугасгүй эрхэм сумочийн гэргийн тухайд өндөр боловсрол мэдлэгтэйн дээр ажил хэрэгч, бизнесийн сэтгэлгээ сайтай нүдэнд дулаахан бүсгүй. Хэр баргийн аавын охины босгыг нь давахад бэрх хуульч мэргэжлээрээ Японд ажилладаг гэхээр ямархан зангарагтай хатагтай болох нь харагдаж байгаа юм. Тэрээр сүүлийн үед хоёр улсын хооронд жим гартал нисэх болсон нь Японы №1 эх хүүхдийн брэнд болох “Pigeon”-ыг Монголд албан ёсоор оруулж ирж байгаатай нь холбоотой аж. Угийн ихэрхүү, зиндаархаг япончуудын дунд чанар, баталгаатай байдлаараа алдартай “Pigeon”-ыг Японд ажиллаж, амьдарч байсан монголчууд анддаггүй бөгөөд тун ч ирээдүйтэй байж болох эл бизнесийг С.Золжаргал бүсгүй эхлүүлж, Их дэлгүүрт салбараа нээж амжсан байна.



Сэтгэгдэл байхгүй байна