Эх оронд минь алтан шар намар айлчлан ирж буцах цагаар “миний эх орон” нэртэй С.Баттулгын 4 дахь бие даасан тоглолт боллоо. Анх бие даасан тоглолтоо “ Зүрхний хайр” нэртэйгээр 2007 онд тавьж байсан бол 2008 онд “Надад мөрөөдөл бий”, 2010 онд “Монгол орны дуу” гэх гурван тоглолт тавьж байсан билээ. Тэгвэл энэ удаа дөрөв дахь бие даасан “Миний эх орон” тоглолтоо өнгөрсөн амралтын өдрүүдэд тоголлоо.
Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий минь хэмээсээр “Халуун элгэн нутаг” дуугаар эхлүүлж хурсан олны самсай шархируултал дуулж үзэгчдийг уяраасаар тоглолтоо эхлүүлсэн юм.

Түүний дараагаар нь “Зулай цагаан алтай”, “Монгол далай”, “Миний эх орны өглөө” зэрэг эх орны шилдэг дуунуудыг шилж эх орон, газар шороогоо магтан дуулсан С.Баттулгын “Миний эх орон” тоглолт үзэгчдийн алга ташилтан дор үргэжилсэн юм. С.Баттулгыг анх урлагт хөл тавих тэр мөчөөс эхлэн үргэлж заавар зөвллөгөөгөө өгсөөр ирсэн МУГЖ Бүтэд, Найгалмаа зэрэг урлагийн их эрдэмтэн, багш нар нь шавь С.Баттулгадаа хүндэтгэл үзүүлж “Хан шувуу” дууг дуулж томоос том бэлэг барьж тоглолт өрнөсөнийг энд дурдахгүй байж үл болно. 
Ахмад багш нараасаа энэ хэмжээний хүндэтгэл авч байгааг харахад бахархах, мөн шилдэг шавь байсан нь илхэн харагдаж байсан ч хэлэх хэрэгтэй болов уу. “Хан шувуу”-г дуулсны дараа хоёр багш нь шавьтайгаа нийлж “Тоонот нутаг ижий минь” дууг маш гайхалтайгаар хоршин дуулсан нь хэн бүхний сэтгэлд хүрч халуун алга ташилтаар мялаасан үнэхээр халуун дулаан тоглолт болж үзэгч түмэн сэтгэл дүүрэн байсан юм.

Хоёр багштайгаа хамт дуулах нь битий хэл нэг тайзан дээр гарах тохиолдол ховор байдаг бол С.Баттулга үнэхээр азтай, авьяаслаг залуу юм гэх сэтгэгдэл төрсөн юм. Ийнхүү “Миний эх орон”, Монголын газар шороогоо С.Баттулга үзэгч түмэндээ дуугаараа мэдрүүлж, гайхамшигтай сайхан тоглолт болж өнгөрлөө. Тэгвэл тун удахгүй түүний тав дахь тоглолтыг үзэгч фэнүүд нь тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.







Сэтгэгдэл байхгүй байна