Энэ жилийн баяр наадмаар буюу Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд шөвгөрсөн 16 бөхийн шинжилгээний эхний сорьцын хариу наймдугаар сард гарч, хоёр бөхөөс сэргээш илэрсэн тогтоогдоод байсан билээ.
Сэргээшийн төрлийн бэлдмэл илэрсэн хоёр бөхийн нэрийг давтан шинжилгээгээр баталгаажсан тохиолдолд зарладаг учир өнөөдрийг хүртэл хоёр бөхийн нэр тодорхойгүй байсан юм. Тэгвэл дээрх хоёр бөхийн B сорьцын хариу өчигдөр ирж, Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал нарын A, B сорьцоос сэргээшийн төрлийн бодис илэрснийг мэдэгдлээ. Ийнхүү Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо нь дээрх хоёр бөхчүүдийн нэрсийг албан ёсоор хуралдаж, зарлах л үлдээд байгаа аж. Сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглсэн нь илэрвэл давсан даваа, тухайн бөхчүүдийн цол гуншинг хураах мөн барилдах эрхийг нь хоёр жилээр хасах заалттай билээ. Ингээд
Улсын арслан Х.Мөнхбаатарын хувьд Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд тавын даваанд улсын начин Ж.Оргил, зургаагийн даваанд аймгийн арслан Ж.Амартүвшин, долоогийн даваанд улсын начин Т.Санчирыг давж их шөвөгт үлдэн, наймын даваанд улсын заан Д.Рагчаад унажээ. Харин улсын начин Б.Сугаржаргалын хувьд тавын даваанд улсын заан Б.Соронзонболдыг давж, зургаагийн даваанд улсын арслан Г.Эрхэмбаярт өвдөг шороодож Улсын начин цолтой болоод байсан юм. 
Сэтгэгдэл байхгүй байна