Залуухан, эрч хүчтэй, шударга бас дэгжин түшээдийн тоонд зүй ёсоор багтах энэ эгэл эрхэм бол Х.Тэмүүжин. АН-ыг үүсгэн байгуулагчдыг залгамжлах дараагийн үе нь энэ намд тасалдаж, бараг огт байхгүй ч гэж болохоор тийм үед шинэ үеийнхний гол төлөөлөгч болон Х.Тэмүү¬жин гарч ирсэн нь саяхных. Айлын том, амьдралын төлөө багаасаа хэрсүүжиж, ах нараа дагаж ганзагын наймаа хийж, хэнд ч дээрэлхүүлэхгүй гэсэндээ хүч чадлын спорт боксоор хичээллэж явсан тэр нэг л өдөр хуульч хэмээх мэргэжлийн эзэн болохоор хатуу шийдэж, хамаг бүхнээ орхин халаасны өрөөнд амьдарч бүхнийг тэгээс эхэлж байсан гэдэг. Энэ нь гэхдээ бизнес бус тархи толгойндоо мэдлэг цуглуулах оюуны бизнесийнх нь гараа байлаа. Үүнийхээ үрийг амсаж, Монголын толгой залуу хуульчдын нэг болсон тэрээр зүй ёсоор Хууль зүйн сайдаар томилогдлоо. Бие жижиг ч бэлчээр томтой, хэл амаараа хэний ч дор орохгүй хортой шартай энэ эрхэм улс төрд анх орж ирэхдээ л дуулиан шуугиан тарьж нэгэн цагт ном эрдэм зааж байсан багштайгаа хүртэл шүүх цагдаап хүртлээ зарга үүсгэж байсан удаатай. Түүнийг хууль хүчний салбарт олон шинэчлэл хийнэ гэсэн хүлээлттэйгээр ард түмэн нь харж, хүлээж байна.
Ингэхэд будаг нь ханхалсан шинэхэн сайд эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Түүний гэргий Жаргалмаа хэмээх бас л хуульч мэргэжилтэй бүсгүй байдаг бөгөөд хосууд өдийг хүртэл хуримаа хийгээгүй гэхээр хачирхам байгаа биз. Дунд сургуулийн нэг ангийн 2 унаган хайраар ижилссэн хосууд харин хэзээ ч олны өмнө хөтлөлцөж гүйдэггүй нь хачирхалтай. Улс төрд зам шуударсан л бол гэргий хүүхэд, хувийн амьдралаа олонд дэлгэдэг тогтсон хуулийг Х.Тэмүүжин зөрчиж ирсэн ч энэ удаад бид та бүхэндээ эрхэм сайдын гэр бүлийг танилцууллаа. 
Сэтгэгдэл байхгүй байна