Хамгийн их сунжирч, үйлдэгдсэн цагаасаа бүхэл бүтэн таван жилийн дараа эрэл сурал болон байж шийдэгдсэн ээлжит нэгэн дуулиант хэрэг бол Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэг. Тухайн үедээ томоохон албан тушаалын сэтэр гуншинтай байсан Д.Сүрэнхор хэрэг илрэхээс өмнө гадаад руу дүрвэж, зүс, нэрээ хувилган амьдарч таван жилийн дараа интерполын шугамаар хаа байсан Австри улсаас баривчлагдан ирсэн түүхтэй. Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдарч байсан Д.Сүрэнхор мөрийтэй тоглоомонд донтож улсад 108 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдан 2010 онд гурван шатны шүүхээс долоон жилийн хорих ял авч, гурвыг нь өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан дөрвөн жилийн хорих ялаар хэрэг таслагдсан билээ. Тэгвэл Д.Сүрэнхорыг гяндангийн ялтнуудын хоол бэлтгэж, адуу мал хариулах ажлыг сайн гүйцэтгэж байсан гэх үндэслэлээр хоёр жилийн ял эдлүүлээд сулласан байна. Эр нэг алдаж, эрэг нурдагийн адилаар идэр залуу насандаа өнгө мөнгөнд автаж, хэсэгхэн зуур хорвоогийн жаргалд хөл алдаж, мөрийтэй тоглоомонд толгойгоо мэдүүлсэн ч хоригдож, яллагдсаныхаа дараа гэмээ ухаарч, уйгагүй хөдөлмөрлөж, хичээж зүтгэсэн нь түүнд ийн эрх чөлөө авчирсан биз ээ. Үнэхээр хэнийг ч дагуулахгүй хөдөлмөрч, хичээнгүй байсныг нь хорихын удирдлагууд хуваалцлаа. Нөгөө талаас сүр дуулиантай баривчилагдаж ирснийхээ дараа буюуу өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тэрээр экс ерөнхийлөгч Н.Энхбаярын эсрэг нэлээн сайн хөдөлж, энэ цагийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гайгүй сайн үйлчилсэнийх тохироо хийж, ийн хурдан суллагдлаа гэж үзэх хүмүүс ч байна. Ямартай ч нэг өрх гэрийн тэргүүн, хөөрхөн хүүхдүүдийн эцэг эрх чөлөөтэй болсон нь сайшаалтай. Наадмын өмнөхөн суллагдсан тэрээр гэргийгээ нэгэн уул уурхайн компанид ажиллаж байгаа хэмээн танилдаа ярьсан байна.
Гэргий гэснээс нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэгчээр одоогоос жил гаруйн өмнө Д.Сүрэнхорын гэргий нөхрөө баривчлагдснаас хэдхэн сарын дараа хүн дайрч хөнөөсөн хэрэгт холбогдсон. Хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд хэргийн газраас зугтаж, талийгаачийн цогцсыг 750 метр газар чирсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон билээ. Тухайн үедээ Д.Сүрэнхорын гэргий Д.Эрдэнэ-Отгонд шүүх ял оноосон ч 18 нас хүрээгүй хүүхэдтэй гэдэг шалтгаанаар ял нь хойшилж байсан аж. Өөрөөр хэлбэл, нөхөр нь ял эдэлж байгаа учраас хоёр хүүхдийг нь асран хамгаалагчгүй орхихгүй хэмээн тайлбарлаж байв. Тэгэхээр одоо Д.Эрдэнэ-Отгоны хэрэг яаж шийдэгдэх нь сонин. Д.Сүрэнхорыг тойрсон гай барцад түүнийг суллагдсанаар зогсохгүй нь бололтой.
“Гранд сэтгүүл” 2012.08.21


Сэтгэгдэл байхгүй байна