Манай төрийн түшээдийн дийлэнх нь морин спортод өөрийн гэсэн ул мөрөө үлдээсэн улс байдаг. Тиймдээ ч моринд хорхойтой, уяач төрийн түшээд чуулганы танхимдаа ёстой л хурдан хүлгүүд шигээ тогтож ядан дүүхэлзэн суудаг болсоор удаж буй. Угаас хөрөнгө мөнгөтэй эрхмүүдийн бэл бэнчингээ гайхуулах ганц шалгуур нь хурдан хүлэг байж ч болох юм. Ямартаа ч энэ удаагийн парламентад л гэхэд Д.Бат-Эрдэнэ, Ч.Улаан нарын манлайнууд яам толгойлон сайдын сэнтийд заларч буй бол Х.Болорчулуун, Су.Батболд, Д.Батцогт, Ц.Даваасүрэн, М.Энхболд, Б.Наранхүү гээд л аймаг, улсын наадамд цуу алдараа хадаасан улс төрчид тухалж байгаа нь үүний нэгээхэн жишээ. Тэгвэл өнгөрсөн наадмаар одтой сайхан наадаж “Тод манлай” уяач цолны болзол хангаад буй А.Батсүх манлай Дархан-Уул аймгийн ИТХ-д нэр дэвшихээр мандатаа аваад буй сурагтай. Тэгэхээр улс төрд бас нэг манлай уяач нэмэгдэх бололтой. А.Батсүхийг хүмүүс манлай уяачаас нь гадна даян аварга А.Сүхбатын төрсөн ах гэдгээр нь илүүтэй таньж мэдэх болсон билээ.
Сэтгэгдэл байхгүй байна