Эх орондоо Олимпийн наадмын анхны алтан медалийг авчирч, монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн Н.Түвшинбаярын амьдрал аж байдлын тухай уншигчид төдийгөөс өдий хүртэл нь сонирхсоор ирсэн билээ. Лондоны олимпоос мөнгөн медаль хүртэж, зэрэг чансаагаа баталсан аварга маань дүүрэн сайхан дүр төрх шигээ өрх гэрийн халамжит тэргүүн. Тунчиг даруухан тэрээр нэг бус удаа эхнэр маань гэрт орж эм, гадаа гарч эр болж миний өмнөөс бүхнийг амжуулдаг гэж ярьж байсан. Н.Түвшинбаяр аварга цаг наргүй бэлтгэл сургуулилалтынхаа үеэр аргагүйн эрхэнд ар гэрээ бүхэлд нь эхнэртээ даатгадаг байсан байж болох юм. Сүүлийн хоёр жилд гэртээ бараг л байгаагүй гэж өөрийгөө зэмлэнгүй ярьдаг Н.Түвшинбаяр одоо хоёр хөөрхөн хүүгээ цэцэрлэгт нь зөөж үүргээ нэр төртэй биелүүлж явна. Олимпийн наадам ард хоцорсон учраас Олимпийн аваргын маань зоо одоо л тэнийж байж болох. Орой бүр гялалзсан хар автомашинаа цэцэрлэгийн гадаа зогсоон, бага хүүгээ тэвэрч, томыгоо хөтлөн гарч ирэх Н.Түвшинбаяр аваргыг харсан эцэг эхчүүд хүүхдээ нэг цэцэрлэгт өгсөндөө тун ч сэтгэл дүүрэн байдаг гэсэн. Аваргын хөвгүүдэд аваргын цус байгаа гэлцэн, хүүгээ нэг удаа өрөөд үзэхийг зөвлөх аав ч бий гэж дуулдана лээ.
Б.Энхрий
Сэтгэгдэл байхгүй байна