Өчигдөр Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын өвөл цагийн нээлт болохын зэрэгцээ нэгэн шинэ уран бүтээл танхим дүүрэн үзэгчдийн алга ташилтан дор нээлтээ хийсэн нь “Гоолингоо” дуулалт жүжиг байлаа. Ард түмний дунд түүхэн хүн мэт он удаан жил амьдарсаар ирсэн их уй гуниг харуусал шингэсэн аяз бүхий “Гоолингоо” хэмээх дуунаас сэдэвлэн бичсэн МУСТА С.Баярсайхан “Гоолингоо” дуулалт жүжгээ маш амжилттай тавьж ийнхүү улаан хивснээ алхсан нь энэ. Жүжиг тавигдахаас өмнө хэдэр ёдор үгтэй, хачин жигтэй ааш араншинтай гэмээр найруулагч С.Баярсайхан ““Гоолингоо” дуулалт жүжгээр Дуулалт жүжиг гэж юу болохыг сонгодог байдлаар харуулна” хэмээн ам бардам хэлж байсан нь түүний бүтээлээс илт “үнэртсэн” гэдгийг энд дурьдахгүй орхиж үл болно. Яагаад ч юм өгүүлэгч авхай миний бие урьд өмнө нь ийм төрлийн жүжиг нэг их үзэж байгаагүй болоод ч тэр үү, аль эсвэл энэ жүжгийн тавилт бусдаас өвөрмөц өөр байсан болоод ч тэр үү их сонин, содон шийдэлтэй агуу урлагийн мэдрэмжийг дээд цэгт нь бүр “тултал” нь мэдэрсэн юм. Яг л тэр үеийн “Гоолингоо” хэмээх бүсгүйтэй уулзаж, учирч байгаа мэт орчин. Амьд хөгжим, агуу их хайр дурлал энд хослоно... түүнээс цааш харин... маш гайхалтай тэр л торгон мэдрэмж илт мэдрэгдсээр. Тэгэхээр дуулалт жүжиг гэж юу вэ, хөгжмийн драматург гэж юу байдаг, бүжигчид, дуучдын чадвар, жүжиглэх уран чадвар, ардын найрал хөгжим хэрхэн дуугарч болох вэ гээд энэ жанрт байх мөн чанар, тайз декорацын шийдэл гээд бүгд нэгэн цогц хөдөлгөөнгүй хүлээн зөвшөөрөгдөх том бүтээл үзэхийг хүсвэл энэ сарын 14 хүртэл тайзнаа залрах “Гоолингоо"-г зорьж болохыг танд дуулгая.
Харин гол дүрд хэн тоглосоныг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Гэвч эдгээр залуус хэрхэн дүрээ бүтээж байсан нь танд сонин санагдаж болох юм. Жүжгийн үеэр МУГЖ Г.Ариунбаатар жүжигчин Г.Отгонцэцэгт хайр дурлалаа илэрхийлэн гайхалтайгаар уянгалуулахад үзэгчдийн талархал, баяр хөөр бас нулимс зэрэгцэж байлаа. Энэ нь үнэхээр чин сэтгэлийн хайрын илэрхийлэл байж чадсан гэлтэй. Ингээд цааш өгүүлбээс таны үзэх сонирхол улам бүр “догдлох” биз. Тийм болохоор таныг амраг хайрт бүсгүйтэйгээ ,анд найзуудтайгаа заавал амжиж үзээрэй гэж хэлэх гэсэн юм.
Төрсөн бие нь ардын дуунд мөнхөрч
Түүх домгийн ертөнцөд өөрийн зайгаа эзэлсэн
Ай жаахан гоолингоо
Ард олон таныг дурсан дуулсаар
Амьдаас амьд одоо ч оршисоор байх юм
Ай амрагхан гоолингоо минь ээ
Домгийг тань бүдгэрэх вий гэсэндээ
Тодруулж үнэнрүү ойртуулах гэж
Үнэн худлын дунд зогсоод
Үзэгч түмнээрээ дэнслүүлэх цаг боллоо.















Сэтгэгдэл байхгүй байна