Домогт хоёр Мөнх, хожуу үеийн зургаан залуу заанаас хойш Монгол бөхийн торгон ногоон дэвжээнд тодронхон байгаа хүчтэн бол залуу заан Ч.Санжаадамба гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.
Олон ч жил улсын цолонд хүрэх бөхчүүдийн тааварт дээгүүр бичигдэж явсан Ч.Санжаадамба заан аймгийн начин цолтой байхдаа л ирээдүйтэй бөх гэдгээ харуулж чадсан. Хамгийн сонирхолтой нь аав нь анхандаа түүнийг бус ахыг нь бөх болгохоор хот орон бараадуулж байсан гэдэг. Харин дураараа болоод ч тэр үү, дургүйдээ ч тэр үү, ах нь хангай нутаг, адуу мал, айраг цэгээ хүүгээ тэмүүлж, бөхийн спортоос зайгаа барьсан бол дүү нь бөх болохоор З.Дүвчин багшийн удирдлаганд очсон нь саяхных. Монгол Улсын заан, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Зэгвийн Дүвчин ч зангарагтай заануудын нэг. Ямартаа л ““Адуун” хэмээх Дүвчингийн шавь байна гэдэг азтай аавын хүүд олдох хишиг буюу” хэмээн залуу заан аархдаг гэнэ лээ. Ч.Санжаадамбын нааж хавирдаг, этдэг мэх Дүвчин зааны дархан хөл мэхний “халдвар” гэдгийг бөхийн хорхойтнууд андахгүй. Тэгвэл дархан аварга Х.Баянмөнх нэгэнтээ “Жинхэнэ бяр гаргаж барилддаг, ирээдүйд аваргын барианд очих хүү гэвэл Ч.Санжаадамба л харагдаж байх юм” гэсэн нь нэгийг хэлнэ. Үнэхээр ч тэрээр заан болдог жилээ, түүний урьд жилүүдэд ид хаваа гайхуулж аварга, арслан, гарьд, заануудыг барьж авна уу, үгүй юу л баруун солгойгүй шидэлж байсныг санах хүн олон биз ээ. Ер нь тэгээд эрт, эдүгээг гадарлахтайгаа болсон бөхийн хорхойтон өвгөд хоорондоо “Ээ дээ мөн сайхан л хүү байна. Хий нь хэр гарч байгаа бол. Хийц, бяр бол байна. Ер нь Цэрэн аварга л анх гарч ирэхдээ нэг иймэрхүү байсан юм шүү. Биеэ зөв авч явбал аварга, арслан хавьд бугуйл шидэх л хүү юм даа” гэж ярилцаж байсан удаатай. Юутай ч ардын хувьсгалын ойн наадамд 16 удаа шөвгөрсөн алдартай бас аралтайхан бөх, улсын арслан У.Мижиддоржийн ойрын садан гэгдэх залуухан заан Ч.Санжаадамбыг ирээдүйн аварга гээд чангахан шиг хэлчихэд буруудах зүйлгүй буй за.
Сэтгэгдэл байхгүй байна