Ард түмний дунд түүхэн хүн мэт он удаан жил амьдарсаар ирсэн их уй гуниг харуусал шингэсэн аяз бүхий “Гоолингоо” хэмээх дуунаас сэдэвлэн бичсэн МУСТА С.Баярсайхан “Гоолингоо” дуулалт жүжгээ тун удахгүй та бүхний хүртээл болох гэж байгаа сайхан мэдээг дуулгаж буйдаа таатай байна. Гоолингоо гэх домог 5 янз байдаг нь бүгд Монгол ардын домгуудтай нэгэн ижил бичигдсэн байдаг бөгөөд баян хүнд богтлогдож амиа хорлосон сайхан бүсгүйн тухай бусад домгуудтай ижил нийтлэг сэдэв. Тиймдээ ч уг жүжгийг бичих гэж нэлээд судалгаа хийсэн хэмээн уран бүтээлчид нь өгүүлж байлаа.
Ард түмэн Дотоодыг хамгаалах яамыг махны машинтай зүйрлэнэ. Энэ нь нэг талдаа үнэн ч зарим үед хэт туйлширсан байдаг. Тэнд бас хүн байсан гэдэг нь энэ жүжигт харагдах аж. Мөн эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх давалгаанд хүн чанар, хүний төлөө гэсэн сэтгэл хамтдаа биднээс дайжиж байна... Гоолингоо энэ тухай өгүүлнэ, мөн эндээс хүний үнэр үнэртэнэ гээд л дахин давтагдашгүй тэр мэдрэмжийг энэ жүжиг танд өгөх учиртай.
Ямартаа ч өнөөдөр нээлтээ хийх “Гоолингоо” дуулалт жүжгээр Дуулалт жүжиг гэж юу болохыг сонгодог байдлаар харуулна гэдгийг жүжгийн зохиолч, найруулагч С.Баярсайхан ам бардам хэлж байлаа. Тэгэхээр дуулалт жүжиг гэж юу вэ, хөгжмийн драматург гэж юу байдаг, бүжигчид, дуучдын чадвар, жүжиглэх уран чадвар, ардын найрал хөгжим хэрхэн дуугарч болох вэ гээд энэ жанрт байх мөн чанар, тайз декорацын шийдэл гээд бүгд нэгэн цогц хөдөлгөөнгүй хүлээн зөвшөөрөгдөх том бүтээл гэх дүгнэлтэнд хүрч болох юм. Юутай ч олон үг үл нуршин та бүхнийг хагас зуун саяар бүтэж буй энэхүү жүжгийг таалан сонирхохыг урьж байна. Зөвхөн нийслэлийн Улаанбаатар чуулгын их тайзнаа 5-хан өдөр 19 цагаас.

Сэтгэгдэл байхгүй байна