Говь гурван сайхан, Ёлын ам гээд л гойд сайхан газраараа алдартай говийн нэгэн аймаг болох Өмнөговь ч бүр баларсан.
Тэр талаар ярилтгүй болсныг та бид мэдэх хойно хий дэмий халаглаад яах вэ. Тэр чигт нь хаясан нь дээр биз. Улиг болсон уул уурхай яриад яахав. Ер нь энэ аймгийн газрын хөрсийг хятад шаахайн мөр талхлах тавилантай байжээ. Даланзадгадын төв Хятадын нэг муж мэт болсон талаар тэндээс ирсэн хүмүүс ам уралдан ярьдаг билээ. Хятад хэл, өвөрлөгч аялгуу сонсохгүй өнгөрнө гэж ёстой гонжийн жоо юм байх. Бага сургуулийн хүүхдүүд нь үзэмчнээр буюу өвөр монгол аялгуугаар ярьж нааддаг байснаа одоо эх хэл шигээ хэлэлцдэг болжээ. Өмнөговийн хүүхдүүд дэлгүүрийн худалдагчаас “Эгч ээ, шихэр авъя” гэдэгтээ тулжээ.
Хүн амынх нь 10 хувь бараг хятад болсон юм байх. Мэдээж, уурхайд ажилладаг гэх хятадууд орно шүү дээ. За, Өмнөговийг ингэсхийгээд заяанд нь даатгаад орхиё. Товчхондоо Өмнөговийг хятадууд нэг мөр цөлмөжээ гэхэд болно. Тэгтэл тэд түүгээр тогтсонгүй алхам алхмаар ахисаар, аймаг аймгаар идэхээр бүр Дундговьд ороод иржээ. Эл аймагт одоогоор 220 орчим хайгуул, олборлолтын лиценз байгаагийн 70 гаруй хувь нь Хятадтай ямар нэг холбоотой, 30 гаруй хувь нь бүр 100 хувийн хөрөнгө оруулалттай ажээ. Зуун хувийн хөрөнгө оруулалт гэдэг нь 100 хувь тэдний мэдлийнх гэдэг нь ойлгомжтой биш үү? Үүнтэй маргаж, үлгэр яриад яахав. Дундговийн төвийн сумдуудыг ч хамаад авсан байна. Говь-Угтаал гэж нэг сайхан сум бий. “Хараат” гэх эрдэнийн сайхан уултай гэж байгаа. Нутгийн иргэд сүслэн тахидаг “хайрхан” юм билээ. Тэгтэл түүнийг нь хашаад авчээ. Төмрийн хүдэртэй юм гэнэ.
Хятадын “Шинжин орд” гэх компанийн мэдлийн уул болсон гэсэн үг ээ. Тэнд өнөөдрийн байдлаар 400 хятад ажилладаг гэсэн тоо байна. Түүнээс их ч байж мэднэ. Сумын Засаг дарга В.Нямсүрэнтэй гэрээ хийсэн сураг л байдаг гэх. “Нямка” дарга нь болохоор “Одоо эхэлчихсэн, ухдагаараа ухахаас биш. Үүнийг зогсоох ямар ч арга байхгүй” гэдэг ганц үгтэй үлджээ. Монголын ТЕГ, МХЕГ болон бусад газрын шалгалт ирэхээр хужаа ажилчдаа “Их, Бага газрын чулуу”-нд аваачаад нуучихдаг нь хачин. Хятадуудыг машин, машинаар ачаад явсаныг нутгийн иргэд харсан байхад шалгалтынхан огт үзээгүй байдаг нь ч сонин. Нутгийн иргэд сум, аймгийн удирдлагадаа хэлээд яаж ч чадалгүй Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид хандаад ч нэмэр болсонгүйд цөхрөнгөө баржээ.
Тэдний чаддаг ганц арга нь нүүн одох л болсон байна. Монголчууд ийнхүү төрсөн нутгаасаа дайжих болсон нь ёстой аймшигтай гэхээс өөр үг олдохгүй байна даа.
(www.wikimon.mn)
Сэтгэгдэл байхгүй байна