МАХН-ын дарга, МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаярын хэрэгтэй холбогдуулан МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг нарт хандан мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “Монголын түүхэнд урьд өмнө хэзээ ч гарч байгаагүй зэрлэг балмадаар баривчилж, улмаар захиалгат зохиомол хэрэг тулган Сүхбаатар дүүргийн шүүхээс ялласныг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь Монголын нийгмийг цочирдуулж хууль, шударга ёсыг уландаа гишгэсэн ноцтой үйлдэл боллоо гэж Монгол Ардын Хувьсгалт нам үзэж байна. Хэнээс ч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах Үндсэн хуулийн үзэл санаагаа умартан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйг мэдсээр байж МАХН-ын дарга Н.Энхбаярт зохиомол хэрэг үүсгэн ялласан Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С. Соёмбо-Эрдэнэ, шүүгч С. Оюунчимэг, М. Алдар, Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б. Сарантуяа, шүүгч Х. Эрдэнэсувд, Г. Алтанчимэг нар XXI зууны ардчилсан Монгол Улсын шинэхэн түүхэнд өнгөрсөн 37, 38 оны хэлмэгдүүлэлтийн хар сүүдрийг нүүрлүүлсэнд манай нам туйлаас харамсч байна. Тиймээс Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, эрх чөлөөнд албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж түрэмгийлэн халдаж байгаа буруутай албан тушаалтнуудтай хатуу хариуцлага тооцохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав нараас МАХН эрс шийдвэртэй шаардаж байна” гэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна