“Камертон"-ы ахлагч Д.Болд Ардчилсан ерөнхийлөгчөөс Төрийн соёрхол хүртсэн анхны рок попчин. Тиймдээ найр наадмаа нижгэр тэмдэглэхээр намар цагийн налгар өдрүүдийг хүлээн, сайн цагийг товлон байж, өнгөрөгч бямба гарагт “Маршал таун” хотхонд байрлах “Luxury” клубт ёслол төгөлдөр тэмдэглэв. Түүний мялаалга найранд УИХ-ын дэд дарга С.Баярцогт, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, “Номин талст” хамтлаг, "Гурван охин”, “Киви”, “Эмоушн”, МУГЖ Б.Сарантуяа гээд МУГЖ Т.Ариунаагаас бусад рок попынхон бүгд цуглажээ. 500-аад зочинтой нижгэр найранд бизнесийнхэн, уяачид гээд салбар салбарын томчуул хүрэлцэн очсон аж. Урилгаасаа эхлээд сархад зоогондоо өндөр ач холбогдол өгч, заримыг нь гадаадаас зэхэж авчруулсан Төрийн соёрхолтын найранд урлагийнхан гол цөмийг нь эзэлж, “Камертон”-чууд хүндтэй байр суурь эзэлсэн нь мэдээж. Тиймдээ ч энэ цаг үеийн сор болсон залуус, баяр хөөрөөр бялхсан зочид энэ үдэш “Камертон”-ы дуугаар жинхэнэ амьсгалах шиг болжээ. Найр гэхээсээ илүү рок попын нэгдсэн тоглолт гэхээр болсон тухай найранд уригдсан зочид хэлж байв. Түүнчлэн оргил хэсэгт нь “Номин талст”-ынхан “Камертон”-ы дууг дуулж, “Камертон”-чууд “Номин талст”-ын бүтээлээр дагнасан нь зочдын сэтгэлийг хөдөлгөсөн аж. Албан ёсны арга хэмжээ өндөрлөхөд ойрд “оффтоороо” цуглаагүй рок попынхон санаа нэгдэж, үүр цүүр хүртэл бут авсан гэнэ лээ.




Сэтгэгдэл байхгүй байна