Сүхбаатарчуудыг төлөөлөн УИХ-д удаа дараалан улиран сонгогдож байсан "замын" хэмээх тодотголтой Р.Буд харин морин спортод нэр нөлөө бүхий эр гэдгийг мэдэх хүн олон биз ээ. Нэг үе саарал ордон талдаа таваргах гөрөөс шиг цахилж явсан түүнийг Сүхбаатарчууд энэ жилийн сонгуулиар төрхөмд нь буцаасан. Улс төрд хурдны замаар шат ахин дэвшиж байгаад хувьсгал хийлгэсэн энэ эрхэм хурдан хүлгийн “улаан” хоббитой Ардын намын алдарт уяачдын нэг. Морь мал ярихаараа нүд нь сэргэж, хийморь онгод нь ордог замчин ноёнтны хурдан буянууд Хэнтий аймгийн Өвгөн ноёны наадамд л айрагдаж, түрүү авч үзээгүй бөгөөд хэрэв Өвгөн ноёноосоо түрүү авбал морины сүүл боосны хэрэг нь бүтэх юм гэнэ лээ. Угтаа бол УИХ-ын гишүүн тэгээд хажуугаар нь уяач болж адуу малтай зууралдах хэцүүхэн л байсан байх. Ямартаа ч Р.Буд уяач өдгөө аймгийн алдарт хэмээх цол гуншин дор хурдан хүлэг юугаараа зартай төрсөн нутаг Сүхбаатартаа адуун сүргээ идээшлүүлэн суугаа биз. Их хуралд өөрөө олон жил идээшиж
тухалсанаас хойш одоо ингэхгүй гээд ч яах билээ. Энэ дамшрамд түүний талаар хэдэн үг дурьдахгүй орхиж үл чадна. Түүнийг Унгарын Тээвэр, холбооны дээд сургуулийг зам, гүүрийн инженер мэргэжлээр төгссөнөөсөө хойш Монголын авто замын салбартаа салшгүй холбогдож, зам гүүрийн техникчээс Авто замын дарга болтлоо дэвшиж чадсан "Тэргүүний замчин" гэдэг. Гэхдээ экс гишүүн Р.Будыг дан ганц замтай холбоотой асуудалд оролцдог байсан гэвэл худлаа ярьсан гэж хуулийнханд адлуулах биз. Дэд бүтэц, эдийн засаг, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарын асуудлыг хэлэлцэхэд түүний толгой дахь мэдлэг нь чуулганы танхимд чухал хэрэгтэй байдаг бас байсан нь үнэн. Мөн Р.Будын талаар хүүрнэхэд орхиж үл болох нэг зүйл бол түүний нууц охин гэгддэг, өдгөө түмний өмнө илчилэгдсэн бутач охин П.Анужин. Эрүүл хооллолтын хэмээгдэн олонд танигдсан хатагтай П.Анужин НАМЭХ-нд нөлөөгөө тогтоож, МАН-ын бага хурлын гишүүн ч болоод амжсан сүйхээтэй бүсгүй. Эцгийн шийрийг хатааж, улс төрийн залуу халаа гэгдэх болсон тэрээр АУЗ Б.Лхагвасүрэнтэй “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг хөтөлж, цэнхэр дэлгэцээр од болохын зэрэгцээ овоо хэдэн төгрөг халааслаад амжсан адтай дамшиг.
Сэтгэгдэл байхгүй байна