Б.Нямсүрэн: Манай уран бүтээлчид монголдоо биш гадаад орнуудад танигддаг

Монголын язгуур урлагийн охь дээжийг хадгалж, түүчээлж яваа Үндэсний их найрал манайд буй үндэсний тодотголтой цорын ганц хүчирхэг ансамбль. Манай шоу бизнесийн ертөнцийн хүчирхэг “хаадын” нэг ноён Б.Цоггэрэлээр ахлуулсан Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын Үндэсний хөгжмийн их найрал байгуулагдсаны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож буй талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Тэгвэл энэ ойн хүрээнд тус чуулгаас олон арга хэмжээг амжилттай зохион байгуулаад байна. Тиймээс бид та бүхэндээ эргэн сануулахад үүднээс Үндэсний дуу бүжгийн эрдмийн театрын маркетингийн албаны дарга Б.Нямсүрэнгээс дараах мэдээллийг авсан юм.



Хамгийн эхэнд рок попын оддын хамтарсан тоглолт боллоо
Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын Үндэсний хөгжмийн их найрал байгуулагдсаны 50 жилийн ойн томоохон ажлуудын нэг Рок поп оддын ИХ ХУРАЛДАЙ тоглолтыг 2012 оны 08 дугаар сарын 25-ны 19.00 цагт Соёлын Төв Өргөөнд зохион явууллаа. Энэхүү тоглолтонд Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, Дуучин С.Наран, Хөгжмийн зохиолч Б.Чинбат, SweetYmotoin хамтлаг, Хийлч /Дээгий/ Ч.Дэлгэрцэцэг, Гитарчин /Өөжгий/ Д.Өлзий-Орших, Харанга хамтлагийн бөмбөрчин  Н.Пүрэвдаш, Никитон хамтлагийн гитарчин Ц.Цогтбаяр зэрэг Рок попын ододууд нэг дор чуулж, ая дуугаа өргөж, бүх дууны хөгжмийг Монгол Төрийн Үндэсний Их Найрал хөгжимдөж, монгол үндэсний хөгжмийн гайхамшгийг бишрүүлсэн сайхан тоглолт боллоо. Монгол үндэсний урлагийн дэмжин UNITEL группийн хамт олон бидэнтэй хамтран ажиллаж байна.
Эрхэм үзэгч, рок поп сонирхогчид маань Монгол хөгжмийн гайхамшгийг мэдэрч, нэгэн дор олон оддын дуулахыг сонсож, халуун алга ташилтаар бэлэг барилаа. Дуучин бүрийн тоглолтыг дахиулсаар тоглолтын цаг маань жаахан сунжирсаныг эс тооцвол бахархалтай сайхан тоглолт боллоо.
БНСУ-ын Үндэсний театрын хамтын ажиллагаа улам өргөжин тэлсээр байна...
Орчин цагийн Үндэсний хөгжмийн их найрал байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй цуврал тоглолтууд ар араасаа хөвөрсөөр...
Үндэсний дуу бүжгийн эрдмийн театрын тайзнаа Солонгосын үндэсний театрын ерөнхий удирдаач Вон Ил тэргүүтэй 12 уран бүтээлчид хүрэлцэн ирж, манай төрийн их найралтай хамтран ТАЛ НУТГИЙН АРИРАНГ тоглолтоо 8-р сарын 10-нд хийж, солонгос аялгууг тоглон үзэгчдийг шуугиулж байсан нь саяхан.
Энэ удаа БНСУ-ын Үндэсний театрын тайзнаа Солонгосын үндэсний хөгжмийн их найралтай хамтран Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 12 уран бүтээлчид 8-рсарын 31, 9-р сарын 01-нд ТАЛ НУТГИЙН ДУУ нэртэй тоглолтоо 2 удаа зохион байгуулж, Солонгос үзэгчдийн бахархлыг төрүүллээ. Тоглолт дуусахад суудлаасаа босохгүй дахин дахин алга ташин дахиулах тэдгээр үзэгчдийн баяр хөөр бахдал нь Монгол үндэсний хөгжмийн гайхамшигт аялгуу, манай хөгжимчид, удирдаачийн ур чадварыг илтгэн харуулж байлаа.
 Энэхүү тоглолтонд ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач, МУСТА Н.Буянбаатар, хөгжим ангийн дарга, лимбэч МУСТА Х.Энхбат, морин хуурч, Ардын жүжигчин Ч.Батсайхан, хөгжмийн зохиолч, морин хуурч МУСТА М.Бирваа, морин хуурч МУСТА Б.Тогтохжаргал, их хуурч С.Амарсанаа, ятга МУСТА Т.Билэгдэмбэрэл, ёочин МУСТА Д.Лхагвасүрэн, шанз МУСТА Б.Алтанцэцэг, бишгүүр Б.Мөнх-Эрдэнэ, эвэр бүрээ О.Чинбат, хуучир МУСТА Ч.Отгонбаяр, бөмбөрч, ерөнхий зохицуулагч Б.Өлзийбуян, ҮДБЭЧ-ын захирал Г.Цоггэрэл, Маркетингийн албаны дарга Б.Нямсүрэн нар оролцлоо.
Энэ тоглолтонд Б.Шарав “Сэрсэн тал”, М.Бирваа “Буйлган шарын явдал”, Н.Жанцанноров “Бурхан Халдун уул”, Ц.Сүхбаатар “Цэцэгт нуурын хөвөөнд”, Л.Мөрдорж “Алтан өргөө”, Б.Шарав “Сэтгэлийн эгшиг”, М.Бирваа “Төвөргөөн” зэрэг сайхан бүтээлүүдийг манай Үндэсний хөгжмийн их найрлын уран бүтээлчид, Солонгосын үндэсний их найралын хөгжимчидтэй хамтран тоглож, ерөнхий удирдаач Н.Буянбаатар удирдлаа.
Солонгосын үндэсний театрт хоёр орны уран бүтээлчдийн сэтгэл зүрх, хөг аялгууг нэгтгэж чадсан Буяа удирдаачийн ур чадварыг бахдан биширсэн яриа, хоёр орны уран бүтээлчдийн нөхөрсөг яриа өрнөсөн, монголын үндэсний аялгуу эгшиглэсэн өдрүүд үргэлжлэлээ.
Манай уран бүтээлчид монголдоо биш гадаад орнуудад танигддаг, их алдартай шүү хэмээн хэлдэг хүмүүсийн үгийг батлах гэсэн шиг хэзээ ч монголд ирж үзээгүй солонгос үзэгч монголчуудын тоглолт үзэх гэж зорин ирээд Ардын жүжигчин Ч.Батсайхантай уулзуулж өгөхийг хүсч, түүний тоглосон олон сайхан аялгууг монголчуудаас илүүтэй мэддэг, сонсдог, түүнийг хүндэлж явдаг тухайгаа ярьсан нь дэлхийд танигдаж яваа монгол урлаг, үндэсний аялгуу, алдар цуугаа түгээж яваа манай уран бүтээлчдийн нүүр царайг тодхон харуулж байлаа.   
Соёл урлагийн ажилтаны өдөрт зориулсан үйл ажиллагааг үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга ойн хүрээндээ зохион байгууллаа
Жил бүр Монголын соёл урлагийн ажилтны өдрийг 9-р сарын эхний амралтын өдрүүдэд БСШУЯ, соёл урлагийн бүх байгууллагын уран бүтээлчдийг хамруулан тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.
Энэ жилийн хувьд шинэ засгийн газар, шинэ яам байгуулагдан бүрэлдэн тогтож цаг зав багатай буйтай холбогдуулан 9-р сарын 09-ны 11:00 цагт Соёлын төв өргөөнд баярын үйл ажиллагааг хийхээр төлөвлөсөн бөгөөд энэхүү баярын үйл ажиллагааг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга зохион байгууллаа.
11:00 цагаас Баярын хурал болж, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хэмээх шинэхэн яамны шинэ сайд Ц.Оюунгэрэл нээн үг хэлж, монголын соёл урлагийн уран бүтээлчид, ажилтан албан хаагчдадаад баяр хүргэж, соёл урлагийн салбарын ололт амжилт бүтээл, цаашдын зорилго, зорилт, юунд анхаарч ажиллах талаар товчхон танилцуулж, үр бүтээлтэй ажиллаж яваа уран бүтээлчид, ажилтнуудаа яамны шагнал болох Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, мөнгөн шагнал, “Яамны хүндэт жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа.
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн дундаас морин хуурч Р.Ганбат, уран нугарагч О.Цэцэглэн, хөгжимчин Ж.Ууганчимэг, бүжигчин Н.Нямбаяр, гуталчин Б.Энхжаргал, жижүүр Ц.Цэцэгмаа нар Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг-ээр шагнагдсан бөгөөд мөн “ССАЖЯамны хүндэт жуух бичиг”-ээр хөгжимчин Т.Шинэхүү, хөгжимчин Д.Отгонжаргал, бүжигчин О.Жавзан, бүжигчин Ө.Ичинхорлоо нар тус тус шагнагдлаа.
Баярын хурлын дараа Үндэсний дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид Монголын соёл урлагийн байгууллагын нийт уран бүтээлчид, ажилтан албан хаагчдадаа баярын мэндчилгээ дэвшүүлж, өөрийн урын сангийн шилдэг бүтээлүүдээс өргөн барилаа. Энэхүү тоглолтонд Үндэсний дуу бүжгийн чуулгын дуучин АЖ Д.Самбуу, морин хуурч АЖ Ч.Батсайхан, дуучин МУГЖ Н.Амгалан,  дуучин МУСТА Амаржаргал, бүжигчин МУГЖ Ш.Одонтуяа, СТА А.Даваахүү тэргүүтэй нийт бүжигчид, ерөнхий удирдаач СТА Н.Буянбаатар, үндэсний хөгжмийн их найрал, Цэргийн дуу бүжгийн чуулга, Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид хамтран оролцлоо.
Концертийн төгсгөлд нийт үзэгчдэдээ Төрийн шагналт, АЖ Ц.Намсрайжавын хөгжим, СГЗ Ж.Бадраагийн үг “Халуун элгэн нутаг” дуугаар зохиомжилж хийсэн клипийг анх удаа дэлгэцнээ үзүүлж, сюрприз барилаа. Энэ клипинд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 200 гаруй уран бүтээлчдийн оролцсон анхны том клип юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025