MЭДЭГДЭЛ

Нийслэлд зөвшөөрөлгүй барилга барих, бүрэн бус машин техник, тоног төхөөрөмж ашиглах, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны хууль дүрмийг зөрчих явдал хавтгайрч, ойр ойрхон ноцтой осол гарсаар байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Баянгол дүүрэгт зуурмаг шахагч автомашины хоолой унаснаас 13 настай хүүхэд дарагдан амь насаа алдсан. Энэ эмгэнэлт явдлаас тав хоногийн дараа Хан-Уул дүүрэгт өргөгч цамхаг нурж унаснаас жолооч нь мөн л дарагдаж амиа алдсан. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэ есдүгээр сарын 9-ний өдөр яаралтай мэдэгдэл гаргаж, зохих байгууллагуудад хүргүүллээд байгаа аж.                                                              
MЭДЭГДЭЛ
Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгууд дээр бүрэн бус техник ажиллуулсан, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс үүдэн дараалсан осол гарч хоёр хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлтэй хэрэг явдал гарлаа.
Барилгын захиалагч байгууллагууд болон гүйцэтгэгч компаниуд, тэдгээрийн эзэд төрийн хууль тогтоомжийг зөрчих, дур зоргоороо авирлах, үл тоомсорлох, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны наад захын дүрэм, журмыг биелүүлдэггүй байдал хавтгайрч, газар авснаас хүний амь нас хохирсон осол эндэгдэл гарсаар байна. Аливаа барилгын үйл ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс хяналт тавих үүрэгтэй барилгын салбарын бүтцийн байгууллагууд, Мэргэжлийн хяналтын албад, тэдгээрийн удирдлагуудын хуулиар хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлдэггүй, асуудалд бөөрөнхий, зарчимч бусаар ханддаг хариуцлагагүй байдалтай мөн холбогдох нь ойлгомжтой. Гарсан ослын талаар хууль хяналтын байгууллагуудын дүгнэлт гарсны дараа буруутай этгээд, аж ахуйн нэгж, ажилдаа хариуцлагагүй хандсан албан тушаалтнууд хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой.
Нийслэлийн Засаг дарга миний бие 2012 оны 09 дүгээр сарын 07-нд ”Зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоох тухай” А/557 дугаар захирамжийг гаргасан бөгөөд энэхүү захирамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа нийт барилга байгууламжийн ажилд ашиглагдаж байгаа машин, механизм, тоног төхөөрөмж, өргөх байгууламжуудын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны арга технологи, шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах, гэрчилгээжүүлэх ажлыг нэн даруй зохион байгуулахыг барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх шатны байгууллагын удирдлагууд, компаниудын эздэд үүрэг болгож байна. Хариуцлагагүй байдлаас үүдэж иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдлыг цаашид гаргуулахгүй байх, үүнийг таслан зогсоохын төлөө Нийслэлийн Засаг даргын зүгээс шийдвэртэй бүх арга хэмжээг авч, буруутай албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэн, шаардлагатай гэж үзвэл барилгын тухайн гүйцэтгэгч компанийн барилга барих тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч шаардлагаа эрс өндөржүүлэн ажиллах болно.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025