Салаавч гаргаад “асан” болдог хувь тавилан

УИХ-ын гишүүдийн дунд салаавч гаргадаг моод дэлгэрээд удаж буй. Уг нь бүгд салаавч гаргаж үзсэн байх л даа. Гэхдээ тэр болгон түмний өмнө гаргаад байдаггүй ч ордон хийгээд олон камерын өмнөөс огт санаа зоволгүйгээр гаргасан эрхмүүд хэд хэд байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.  Хамгийн сонирхолтой нь эдгээр салаавчны эзэд тэр айхтар гоё эрхий хуруугаа хоёрын голоор чихэж үзүүлсэнийхээ хүчинд “асан” хэмээх цол хүртдэг бололтой.

Тухайлбал,  УИХ-ын гишүүдээс анхных нь шанг татаж салаавч гаргасан хүн бол экс гишүүн Ш.Сайхансамбуу. Тэрээр өнгөрсөн 2012 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр төрийн ордонд Б.Бат-Эрдэнэ Д.Балдан-Очир нарын өмнөөс салаавч гаргаж байсан удаатай. Энэ дурсамжит мөчөө тайлбарлахдаа эрхэм экс “Намайг шоолоод байхаар нь салаавч гаргасан” гэдэг. Бас л гэж сайхан тайлбар байгаа биз. Ямартаа ч тэр үүнийхээ төлөөсөнд “асан” хэмээх чимэг зүүж саарал ордонд сандал нухах эрхгүй болсон.
Дараагийн салаавч сөөнгө хоолойт, сүрхий хуруут Ц.Шинэбаяр . Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр үзүүлсэн. Үүндээ ч гэмшиж “Хоолойны хавдартай болж, түүнийгээ эмчлүүлж байсан юм. Тухайн үед дуу гаргаж чадахгүй байсан болохоор салаавчнаас өөрөөр эсэргүүцлээ илэрхийлэх боломж байгаагүй” хэмээх үнэхээр гоё тайлбар хэлсэн нь энэ. Юутай ч ганц байсан бэлэн юмаа үзүүлсэн нь гай болж “асан” хэмээх алдрыг зүүлгэсэн юм.
Салаавчны уухайг дэмжсэн дараагийн эрхэм нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Хүрэн оймстой хөлөө гозолзуулан барин явсаныхаа уур хилэнд харин ч нэг сайхан салаавчаар бэлэг барьж өөрийнх нь өмнөөс өмөлзөж байсан хүмүүсийг гомдоох шахсан. Гэхдээ Н.Энхбаяр дарга бусдаасаа арай өөр байсан нь тэр угийн л “асан”. Уг нь түүнд салаавч хийгээд хэрэг энэ тэр байгаагүй бол энэ Засгийн газарт шингэчих хоншоор байсан. Ямартаа ч тэр салаавч болоод хийсэн хэргийнхээ төлөө аавын хаалга татаад удаагүй байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар нударга зөрүүлсэн нь ойрдоо олныг хөгжөөгөөд авсан. Энэ бүхэн Ардын намын бүлэг байгуулах асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх боломжгүй гэснээс үүдсэн.   УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Г.Баярсайхан нар Ардын намынхныг хэл амаар доромжилсноос болж УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх нэлээд цухалдаж, маргаан үүсгэн Г.Баяраа найз дээр очиход өөдөөс нь салаавч гаргасанаар үүдэлтэй тулаан. Ёстой л нөгөө эмгэнэлт зүйлийн категори гээч болсон доо хөөрхий.  Ямартаа ч Г.Баярсайхан УИХ-ын гишүүд дотроос салаавч гаргасан  дөрөв дэх хүнээр тодорч алдар цолоо мандуулаад байгаа. Харин түүний хувьд хамгийн азтай нь гэж болохоор. УИХ-ын гишүүний суудалд суусаныхаа дараа салаавчаа олон нийтэд үзүүлсэн. Дараагийн сонгуульд хүртэл мартагдаж мэдэх болохоор түүнд “асан” нэр зүүх магадлал бага байгаа байх л даа. Гэхдээ л салаавчны төлөөсөнд гишүүд нь  “асан” болдог “асан” нэг нь аавын хаалга татдаг хувь тавилан байхыг үгүйсгэхгүй.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025