Чонын шагай

Хурдан хүлгийн хиймориор хэрэв эр хүний лундаа, ёндоог хэмжиж болдог бол “Алтай констракшн”-ын Х.Бат-Эрдэнэ шиг одтой, хийморьтой аавын хүү халхын хавтгайд хуруу дарам цөөхөн. Өнгөрсөн жилийн наадмаар бөх нь начин хийсэн бол энэ жил хоёр айрагтай наадлаа. Тодруулбал, хүрэн морь нь их насанд тод манлай, торгон жолоо атгуулсан бол соёолон насанд хурдан хонгор үрээ нь аман хүзүүнд давхисан юм. Ер нь морьчид түүнийг босоо хийморьтой эр хэмээн ам сайтай байдаг нь аргагүй бололтой. Энэ жил тэрээр уяан дээрээсээ чонын шагай, шашны бололтой эртний ховор эд олсон нь яавч энгийн явдал бус, цаанаа утга учиртай, хийморь юуг нь илтгэсэн хэрэг боллоо хэмээн учир мэдэх хүмүүс тун ч их билэгшээж байгаа аж. Ийн хийж буй ажил, бизнес, хурдан хүлэг гээд юм бүхнээрээ тэнгэртэй аавын хүү гэдгээ харуулдаг ноён Х.Бат-Эрдэнэд хийморь, ёндоог чухалчилдаг уяач эрхмүүд тун ч тал сайтай байдаг гэнэ лээ.       
Монголын анхны морин спортын мастер ээжийн хүү тэрээр гуч дөнгөж гарсан насандаа амжилт дагуулж, барилга бүтээн байгуулалтын салбарт орон зайгаа дархалсан манай цуутай залуу бизнесмэнүүдийн нэг. Хөлс хөдөлмөрөө урсган байж бүтээн байгуулалтын салбараас бор зүрхээрээ баялгаа босгосных эдийн дээдийг эдэлж, хүний сайнтай нөхөрлөж, хүүхний сайхантай ханилсан ноён Х.Бат-Эрдэнийн гэргий Т.Наранчимэг хэмээх үзэсгэлэн төгс бүсгүй жил жилийн наадмаар дээдсийн хүүхнүүдийн дэгжин гоёлыг тодорхойлж ирсэн уламжлалтай. Энэ жилийн тухайд Т.Наранчимэг хатагтай улбар шар өнгийг эрхэмлэсэн байна. Хул шаргал торгоор цэрэг загварыг үндэсний хэв маягтай чадамгай хослуулж, морины бор малгай өмссөн нь энэ хатагтайн хэр мэдрэмж, вкустэйг харуулж байна. Дан даашинз дээр ууж өмссөн ч гэлээ энгийн, орчин үеийн, нүсэр биш харагдаж байна.
      
 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025