АНУ-ын иргэнийг буудаж хөнөөсөн хэрэгт шүүхээс 23 жилийн хорих ял авсан Ч.Баттуул хорих ангиасаа захидал ирүүлжээ. Захидлыг ямар ч засваргүйгээр бүрэн эхээр нь нийтэлж байна.
Захидал
“Сайн байцгаана уу. Жон манай Монгольд суурьшиж, амьдрах гэсэн зорилготой, Монгол эхнэр авч, уул уурхайн салбарт ажиллан их баян болох хүслийг өвөртлөн ирсэн билээ. Гэхдээ энд ирэхдээ ээжээсээ 10.000 доллар зээлсэн бөгөөд буцааж өгөхийн тулд хар тамхи зарахаар авчирсан байсан. Энийг нь эхлээд би мэдээгүй ээ.
Намайг Тайваньд байхад л янз бүрийн юм хэрэглэдэг, хачин зуршилтай байсан ч яг юу гэдгийг нь би огт мэдээгүй, сонирхдог ч үгүй байсан. Ингээд Монголд ирснийх нь дараа нөгөө авчирсан юмыг нь зарах гэж би зүс таних төдий нэлээд олон хүнтэй уулзаж, тусламж гуйсан. Тэр үед надад хар тамхи болоод хууль эрх зүйн ямарч мэдлэг, туршлага байгаагүй болохоор юу хийж байгаагаа хянаж чадаагүй ээ.
Тэгээд хэдэн хүмүүстэй тохирч, Цонжинболдогийг үзэнгээ тэнд уулзахаар болсон. Тэнд цугласан хүмүүсийн зарим нь согтуу, зарим нь бага зэрэг мансуурсан байдалтай байсан. Удалгүй тэд нар ирээд Жонтой үнэ мөнгөнөөс болоод маргалдаад байсан. Тэгээд Жоныг жоохон сүрдүүлж байгаад хямдхан авах тухай л ярилцаж байснаас хэн ч амь насыг нь хөнөөх тухай яриагүй. Гэнэт л маш санамсаргүй харамсалтай зүйл болчихсон байсан. Яг тэр үед би Жоноос хол, өөр машинд байсан болохоор яг юу болсныг тодорхой хэлж чаддаггүй юмаа.
Тэгээд ч надад буу, зэвсэг гэх мэт юу ч байгаагүй. Амьдралдаа би жинхэнэ бууг барьж ч үзээгүй. Хэрвээ та анзаарсан бол миний өссөн орчин, гэр бүл маань ийм зүйлээс ангид хол, харин сургууль соёлтой ойрхон сэхээтэн айл шүү дээ. Иймээс ч би болсон явдалд маш их цочирдон өөрийнхөө хэлж байгааг байтугай өөрийнхөө хэн гэдгийг ч мэдэхээ больчихсон байсан. Зөвхөн асар их айдас, дарамт, заналхийлэлийг л мэдэрч байсан. Өнөөдрийг хүртэл хэн ч намайг тайвшруулж, надтай чин сэтгэлээсээ ярилцаж, үнэнийг хэлүүлэхийг хүсээгүй, намайг хамгаалаагүй.
Харин анхны “Би буудчихсан” гэж айсандаа хэлчихсэн үгээр бүгдийг шийдсэн. Тэр үед /хоёр жилийн өмнө/ надад ингэж хэлэхээс өөр ямарч арга байгаагүй. Миний мэдэрсэн айдас, дарамтыг хэн ч мэдэхгүй. Би одоо ч таньд үгээр илэрхийлж чадахгүй хоолой зангираад хэцүү байна. Эндэхийн алба хаагч, төлөөлөгч нар намайг үргэлж дарамтандаа байлгаж, хүмүүсийн захиалгаар намайг зовоож тарчлаадаг. Анх хэвлэл мэдээллүүд миний тухай ямар мэдээлэл цацсаныг та мэднэ. Түүний хор уршгаар өнөөдөр би хэчнээн үнэнгээ хэлээд ч нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй байна. Магадгүй оройтсон байх. Тэгээд ч миний биеийн байдал муу, эмчилгээ хийх бүртээ санаатайгаар улам дордуулдаг болохоор эндээс би амьд гарахгүй байх.
Одоо зүгээр л би хав харанхуй алсын алс руу явж байгаагаа л мэдэж байна. Энэ бүхэнтэй би эвлэрсэн”
Сэтгэгдэл байхгүй байна