Монголын телевизийн
урлагийн чанартай, чадварлаг хөтлөгч залуучуудыг араасаа үлгэрлэн дагуулагч,
Монголын урлагийн гэр бүл, хөгжмийн ертөнцийн толь болж явсан рок поп хөгжмийн том,
тод төлөөлөгч, авьяаслаг сэтгүүлч, МУСТА, бидний хайртай анд, нөхөр Дашдондогийн
Давааням өвчний улмаас 41 насандаа таалал төгсөж гэр бүл, найз нөхөд, уран бүтээлчид
болон түүнийг хүндэлж явдаг хүн бүрийн сэтгэл зүрхэнд нөхөж баршгүй том орон
зай үлдээлээ.Тэрээр Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн том орон зайг бүрдүүлж,
түүхийг бичилцсэн гавьяатай, бахархам авъяас, онцгой мэдрэмж, ил цагаан
сэтгэлээрээ олон хүний бахархлыг төрүүлж явсан юм.
Д.Давааням 1971 онд Улаанбаатар хотод төрж, арван жилийн 75 –р сургуулийг дүүргэн, 1989-1991 онд Ардын армийн 124 ангид байлдагч, түрүүч, ахлагч цолтойгоор эр цэргийн алба хааж, эх орноо батлан хамгаалж байсан Монгол эр хүн билээ.
1995 оноос Монголын радиогийн “Хөх тэнгэр” радио станцад хөтлөгч, редактороор ажиллаж, 1998 онд Радио Телевизийн Дээд сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр төгссөн юм. Оюутан ахуй цагтаа Монголын үндэсний телевизэд ХИТ нэвтрүүлгийг санаачилсан нь олон жилийн туршид ХИТ байх хөгжим мэдээллийн хөтөлбөрийн анхдагч нь болсон юм.
Д.Давааням телевизийн урлагт хүчин зүтгэж явахдаа “Даваа гаригийн үдэш Даавкатай хамт”, “ Оддын үдэш”, “Тоглолтын цаг” шууд нэвтрүүлэг, “Цэнхэр дэлгэц”, “Мишээл” теле сэтгүүл, “Гэрэлтэй цонх” хөтөлбөрийг санаачлан бэлтгэж байсны зэрэгцээ, Монголын үндэсний телевизийн продюсер, Үдшийн хэмнэл студийн редактор, ХИТ энтертайнмент студийн захирал, АСА арилжаа сурталчилгааны албаны даргаар ажиллаж байв. Тэрээр телевизийн урлагт хүчин зүтгэхийн зэрэгцээ олон шоу тоглолтыг санаачлагч, зохион байгуулагч, авьяаслаг продюсер байсан юм. Д.Даваанямын хамгийн сүүлчийн томоохон бүтээл нь “9009” бүрэн хэмжээний уран сайхны кино байлаа.
Түүний хөгжмийн урлагт оруулсан хувь нэмэр нь, Монголын төдийгүй дэлхийн хөгжмийн урлагийн амьд нэвтэрхий толь болж явсан бахархам авьяас хөдөлмөр нь, олон мянган залуу уран бүтээлчдийг урлагийн замд хөтөлсөн зүтгэл нь бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Д.Давааням
зөвхөн хөгжмийн томоохон төлөөлөгч төдийгүй тал талын өргөн мэдлэгтэй, өөрийгөө
байнга хөгжүүлэгч, телевизийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан нэгэн байлаа. Өнөөдөр, маргааш, ирээдүйд хэн
ч орлож чадахгүй цэнхэр дэлгэц, гэр бүл, монголын ард
түмэнд
түүний орон зай нь үгүйлэгдсэн хэвээр байх болно. Зурагт гэрэлтэн асах зулын хоймор бүхэнд түүний явсан тод
замыг гэрэлтүүлэх сэтгэлийн зул асах болтугай. Мөнх хөх тэнгэр, мөнхөд ногоон
газар шороондоо амгалан нойрс доо.
Хүмүүн дээд заяанд уйлаад нүцгэн ирэхэд
Хүсэл хяслын өлгий угтан баясаад тосдог
Үйзэн цоохор тивд үдлээд буцахын төдийд
Үүлэн сиймхий тэнгэр булааж аваад явчихдаг
Ум сайн амгалан болтугай













Сэтгэгдэл байхгүй байна