“Тэнгэрийн нохой” Хятадад шуугиан тарьж байна

Нэрт дуун хөрвүүлэгч Го.Акимийн “Тэнгэрийн нохой” ном нь “Чонон сүлд”-номыг анхлан  хэвлүүлсэн Хятадын Чанг Жианг соёл урлагийн хэвлэлийн компанид хэвлэгдэн бүх хятад даяар худалдаанд гарчээ. Алдарт зохиолч Зянг Рун хоёр жилийн өмнө Монголд анх ирэхдээ Го.Аким гуайтай танилцан “Тэнгэрийн нохой” номыг  англи хэлээр уншиж, уран бүтээлийн анд нөхөд бололцон “Чонын багш” хэмээн хүндэлж, номыг нь хятад хэлээр хэвлүүлэн, өмнөх үгийг нь өөрөө бичихээ амалжээ.  
Өнгөрсөн 7 сарын 1-нд хэвлэлтнээс гарсан уг номын өмнөх үгийг зохиолч Зянг Рунг бичиж, номын хавтсан дээр “Чонон сүлд”-ийг шүтсэн бүх хүн уншигтун, “Чонон сүлд”ийг үзэн ядагчид бүр ч илүү уншигтун хэмээн бичсэн нь уншигчдын анхаарлыг ихэд татжээ.
Энэхүү номыг нэрт монголч эрдэмтэн, Бээжингийн их сургуулийн доктор профессор Яао Као Чинг эх хэлнээс нь орчуулж, орчуулахад хоёр жилийн хөдөлмөр зарцуулжээ. Учир нь Г.Аким гуайн бичсэн монгол хэлний гайхамшигт үг хэллэг орчуулагчийг ихэд “зовоож” байсан тухай хятадын сонин хэвлэлд өгсөн ярилцлагдаа дурьджээ. Зянг Рунг өмнөх үгэнд нь “энэ номонд монгол үндэстний маш том соёлын ертөнц агуулагдаж байгаагаараа онцлогтой” хэмээн бахархан дурьдаж, их зохиолч  Д. Намдаг гуайн  “Хөгшин чоно ульсан нь” зохиолыг ч мөн хятад хэлээр орчуулан хавсаргасан нь уншигчдын сонирхлыг татаж байна. Монголдоо л гэхэд дөрвөн удаа хэвлэгдсэн энэхүү номыг Го.Аким гуайн өөрийн авсан болон олон арван хүмүүсийн гэрэл зургийн архиваас олсон содон сонирхолтой зургуудаар баяжуулсан нь үнэ цэнэтэй болжээ.
Дашрамд дуулгахад Г.Аким гуай энэ сард зүрхний томоохон хагалгаанд ороод  бие нь нэлээд чилээрхүү байгаа сурагтай. Ардчиллын алтан хараацайнуудыг анх талбай дээр жагсахад үзгээрээ, үйл хэргээрээ дэмжиж “Ил товчоо” сониндоо нүүр харамлалгүй бичиж байсан нэрт эрдэмтэн зохиолч сэтгүүлч эрхэмээ “Олуулаа” гарсан Ардчилсан намын нөхдүүд нь эргэж тойрч амжсан болов уу. Нэг насаараа ном эрдмийн мөр хөөж, хүн зоноо соён гэгээрүүлэх хэдэн арван бүтээл туурвиснаа оюун санааны ертөнцөд шижир алт шиг гялалзах их хүнээ “Ардчиллынхан” амжвал нэг эргээсэй дээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025