Маяачуудын цаг тооны бичиг энэ оны 12-р сарын 21-нд төгсгөл болж байгаа, "Deep Impact", "2012" кино гээд манай гарагийн сүйрэл төгсгөлийн тухай бидэнд сануулагсад олон. Уншигч та ч дэлхий хэрхэн үгүй болох талаар бодож байсан бол хэдэн санаа нэмэрлэж байна.Жижиг од: Эрдэмтэд 65 сая жилийн өмнө манай гараг дээр оршиж байсан үлэг гүрвэлүүдийг 9 км өргөнтэй жижиг од арчиж устгасан гэж үздэг. Тэгвэл дэлхийг чиглэн нисч буй сансрын элдэв хог манай гарагийн сүйрэлд нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй. Хамгийн сүүлд гэхэд манай дэлхийгээс 12 мянгахан км-ийн зайтай шидэгдсэн том автобусан чинээ чулуу зөрж өнгөрсөн байна.
Өнгөрсөн оны 11-р сард байлдааны нисэх онгоц тээвэрлэгч хөлгийн чинээ нэгэн од манай гарагаас 321 мянган км зайтай зөрж, эрдэмтэд үүнийг дэлхийг сүйрүүлж болох бас нэг шалтгаанд тооцсон байна.
Гэхдээ энэ шинжлэх ухааны үндэсгүй таамаг биш. 1908 онд жижиг одны нөлөөгөөр Сибирт Токио хотын чинээ талбайн ой газартай тэгширсэн байна. Америкийн сансар судлалын агентлаг НАСА-н мэдээлснээр маш жижигхэн од дэлхийтэй мөргөлдвөл хэдэн арван цөмийн бөмбөгтэй тэнцэх хохирол учруулах гэнэ.
Шүүлтийн өдөр. Америкийн “Гэр бүлийн радио” нэртэй христийн радион хөтлөгч Харолд Кампинг библи судар дээрх кодыг тайлж, дэлхийн сүйрэл буюу Шүүлтийн өдөр хэзээ гэдгийг тогтоосон гэж байлаа. Энэ хүн 2011 оны 5-р сарын 21, 10-р сарын 21-ний өдөр Христэд итгэгч амьд хүмүүсийн бие өөрчлөгдөж, агаарт замхран Христтэй үүрд хамт байхаар одно гэжээ. Харолд Кампингийн нэрлэсэн өдрүүдэд ямар ч онцгой үйл явдал болоогүй учир тэрээр ажлаасаа гарч, уучлалт гуйжээ.
Маяачуудын зөгнөл. Одоогоос 25800 жилийн өмнө дэлхий нар болон тэнгэрийн сүүн замын төвтэй нэг шугаманд огтлолцож байжээ. џг ийм үйл явдал ирэх 12-р сарын 21-нд болох гэнэ. Эртний Маяачууд энэ өдөр аймшигт гай зовлонгийн эхлэл гэж үзэж байсан бөгөөд бидний сайн мэдэх “2012” кинонд гардаг шиг үйл явдал өрнөнө гэж зөгнөсөн байна. Гэхдээ эрдэмтэн судлаачид 2012-12-21 гэсэн огноо бол дэлхийн төгсгөл биш Маяачуудын бичсэн цаг тооны бичгийн хамгийн сүүлийн өдөр гэдгийг тогтоожээ.
Зомбичууд. Эмчлэгдэх боломжгүй үхлийн вирус хүн төрөлхтөний дунд тархаж, хүнийг үхсэн амьдын хооронд зомби болгох тухай киног бид ханатлаа үзсэн. Аль 14-р зуунд булчирхайн тахал тархаж халдвар авсан хүний тэн хагас нь амиа алдаж байжээ. Одоогоор шинжлэх ухаанд дээрхтэй адил үхлийн вирус бүртгэгдээгүй байгаа ч амьтнаас хүнд халддаг САРС, шувуун болон гахайн ханиад зэрэг нь хүн төрөлхтөнд аюул заналхийлж байна.Галт уулын дэлбэрэлт. Одоогоос 75 мянган жилийн тэртэй Индонезийн Суматра арал дээрх Тоба галт уул дэлбэрчээ. Халуун лав урсаж байсан ч галт уулаас ундрах үнс нурам нарны гэрлийг бүрэн хааж, улмаар мөстлөгийн үе эхэлсэн гэдэг. Мэдээж үр дүнд нь ургамал, амьтан устаж үгүй болсон.
Тэр үеэс хойш бүртгэгдсэн хамгийн том дэлбэрэлт нь мөн л Индонезийн Кракатоад 1883 онд болжээ. Энэ уул дэлбэрэх чимээ дэлхийн өнцөг булан бүрт сонсогдсон гээд бод доо. Үүний улмаас дэлхийн агаарын дулаан огцом унаж, галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй өвөл удаан үргэлжилсэн байна. Дэлхийн гүнээс хар аяндаа ундран, урсах халуун лава 36 мянган хүнийг үгүй хийжээ.Уншигч та энэ бүхний эцэст ямар дүгнэлтэнд хүрэв? Дэлхийн сүйрлийн тухай таны бодлыг сонирхмоор байна.

Сэтгэгдэл (1)